24 мянган өрх утаагүй түлш хэрэглэнэ
2010.09.21

24 мянган өрх утаагүй түлш хэрэглэнэ

Энэ жил анх удаагаа нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12 хороонд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, утаагүй түлшээр хангах ажлыг туршилтаар эхлүүлээд байгаа. Хотub_deereesын удирдлагын шийдвэрээр хэрэгжүүлж буй энэхүү ажлын явцын талаар өнөөдөр хуралдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, зарим аж ахуйн нэгжийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр Агаарын чанарын албанаас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Захирамжийг хангах үүднээс нийслэлийн Агаарын чанарын албанаас гурван дүүргийн 12 хороонд нийлүүлэх боловсруулсан түлшний төрөл, гэрээгээр нийлүүлэх түлшний хэмжээг харгалзан Баянгол дүүрэгт 96, Сүхбаатар дүүрэгт 28, Чингэлтэйд 54, нийт 178 борлуулах цэг ажиллуулахаар тогтжээ.Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон хороодын нийт хэрэгцээнд үртсэн болон нүүрсэн шахмал түлш, коксжуулсан нүүрс гэсэн гурван төрлийн 71800 тонн түлш шаардагдах тооцоо гарсан бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд 5980 тонн түлш үйлдвэрлэх ёстойгоос энэ сарын 10-ны байдлаар 2500 тонныг нөөцлөөд байна.Мөн нийслэлийн хөрөнгө оруулалттай Хялганатын Үртсэн түлшний үйлдвэрт боловсруулсан 10 тонн түлшийг дээрхи хороодод тарааж, туршилтын журмаар хэрэглүүлж эхэлжээ. Харин түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон газрууд болон борлуулалтын цэгүүдийг байнгын хяналтанд авч ажиллахад мэргэжлийн хяналт төдийгүй цагдаагийн бие бүрэлдэхүүний туслалцаа хэрэгтэй байгаа талаар тус албаны удирдлага онцолж байсан.

Улаанбаатарыг утаанаас салгахад багагүй хувь нэмэр оруулах энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, иргэдэд танилцуулах, мэдээлэл хүргэх, түлшээр тасралгүй хангах ажлыг сайтар зохион байгуулахыг хотын дарга үүрэг болгоод, ойрын хугацаанд газар дээр нь явж танилцана гэдгээ мэдэгдлээ.Агаарын чанарын албанаас хотын агаарын бохирдлыг бууруулах талаар боловсруулсан түлснээс гадна био дизель түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийт том оврын автобусны 15-20 хувьд ийм төрлийн түлш хэрэглүүлэхээр холбогдох газруудтай гэрээ байгуулж, энэ ажлын гүйцэтгэл нь 50 хувьтай байгаа ажээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн хийд шилжүүлэх үүднээс “Юнигаз” ХХК-тай хамтран 160 гаруй таксинд нэмэлт тоног төхөөрөмж суурилуулсан байна. Түүнчлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 хорооны 287 айлд шалны халаалтын систем суурилуулах ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэхээр болжээ. Эдгээр айлууд нь ямар нэг түлш хэрэглэхгүй бөгөөд бүхий л хэрэгцээгээ цахилгаанаар хангах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.