Эх дэлхий, эх орны өнцөг булан бүрд аж төрөн суугаа элэг нэгт Монгол ахан дүүстээ шинэ оны мэнд дэвшүүлье
2025.01.01

Эх дэлхий, эх орны өнцөг булан бүрд аж төрөн суугаа элэг нэгт Монгол ахан дүүстээ шинэ оны мэнд дэвшүүлье

Улиран одож буй 2024 он 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодитоор хэрэгжиж эхлэх үндэс тавигдсан, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг түмэн олондоо хүртээж үндэсний баялгийн сангийн хуримтлал иргэн бүрд хүрэх реформ хэрэгжиж эхэлсэн түүхэн жил байлаа.

Улс эх орныг хөгжилд хөтлөх томоохон төслүүдээ хамтарсан Засгийн Газар байгуулагдсанаар гараанаас гаргаж чадлаа.

Хаалттай бүхнийг нээлттэй болгох “ШИЛ” ажиллагаа үргэлжилж “Зарлага нь захирлын урамшуулал” болсон төрийн өмчит компаниудын алдагдал, ашгийн мэдээллийг soe.gov.mn-д байршууллаа.
Монгол Улсын Засгийн газар их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах зорилгоор “e-cabinet” шинэчлэлийг хийж “Цаасгүй засаг” санаачилга дор бодит цагаар өгөгдлүүдээ нэгтгэн шийдвэр гаргаж эхлэлээ.
Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийг 24/7 ажиллах виртуал оператортай болгож хүнд суртлыг бууруулж бүтээмжийг ахиуллаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж буй Мега төслүүд, эрх зүйн реформууд ирэх 2025 онд бодит ажил хэрэг болж E-Mongolia дахь иргэн бүрийн хуримтлалын данс арвижин тэлж орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах хадгаламжтай Монгол иргэн таны ирээдүйн төлөө баялгийн сангийн орлого бүрдүүлэх ажлын хэсгийг ахлагчийн хувиар хичээнгүйлэн зүтгэх болно.
Та бүхэндээ 2025 онд эрүүл энх, саруул сайхан, ажил хөдөлмөр нь амжилт, бүтээлээр арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн,
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ням-Осорын УЧРАЛ