Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ховд аймагт ажиллаж байна
2025.01.07

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ховд аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Мөн Манхан сумын эрүүл мэндийн төвд авто машин гардуулан өгч, алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдүүлжээ.

Эмнэлгийн төвлөрсөн тусламж үйлчилгээнээс үүдсэн ачаалал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах “Төвлөрлийг сааруулах” бодлого хэрэгжиж байна. Энэ бол аймгуудын бүсийн оношилгоо эмчилгээний төвд нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, цаашлаад эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, Улаанбаатар хотыг зорих иргэдийг тухайн орон нутагт нь эмчлэх бодлого юм. Үүний дагуу аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чадавхыг сайжруулна.

Онцолбол, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв энэ онд MRI аппараттай болох юм.

Тус аппаратын үндсэн үнэ дөрвөн тэрбум төгрөг. Үүний хоёр тэрбум төгрөгийг аймгийн төсвөөс, бусад зардлыг Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэхээр төлөвлөсөн гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ хэлэв.

Алслагдсан баруун бүс нутагт MRI оношилгоо нэвтэрснээр цаашид тархи, нуруу нугасны мэс засал, үе холбоос, зөөлөн эдийн гэмтэл бэртлийн шалтгаант мэс засал хөгжих ба Улаанбаатар хот руу явах иргэдийн оношилгоо, эмчилгээний зардал буурах давуу талтай.

MRI шинжилгээ нь эмчид үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх нэн шаардлагатай үнэ цэнтэй мэдээллийг гарган өгдөг нэг төрлийн оношилгооны арга юм. Энэ шинжилгээ нь эсийн түвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн өөрийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж, зураг болгон хувиргадаг технологид суурилдаг. Иймээс өвчин, эмгэг нь рентген болон компьютер томографын шинжилгээгээр илрэхгүй тохиолдолд MRI шинжилгээг ашигладаг.