Онон гол химийн хорт бодисоор бохирдоогүйг албан ёсоор танилцуулав
2010.10.04

Онон гол химийн хорт бодисоор бохирдоогүйг албан ёсоор танилцуулав

Хойд хөршөөс манай улсын нутагт орж ирдэг цөөхөн голын нэг болох Ашингаар дамжин Монголын Онон гол бохирдсон талаарх мэдээллийн мөрөөр манай яамнаас тус улсын холбогдох албаныханд энэ оны долдугаар сард албан бonongol_copyичгээр мэдэгдэн, арга хэмжээ авч өгөхийг хүссэн тухай өмнө бид мэдээлсэн.

Энэ асуудлаар Оросын тал ямар арга хэмжээ авч буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзан, дэлгэрэнгүй тайлбар авлаа. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хилийн усны бохирдлын дээрх асуудлын талаар холбогдох төрийн байгуулагууддаа мэдэгдэн, үүний дагуу ямар арга хэмжээ авч байгааг тодруулсны дээр ноён элчин сайд өөрийн биеэр газар дээр нь очиж танилцжээ.

ОХУ-ын Ус цаг уурын албаны мэдээлснээр, Ашинга голоор дамжин их хэмжээний булингар, тунадасжилт орж ирснээр энэ гол цутган нийлдэг хил орчмын Онон гол бохирджээ. ОХУ-ын Өвөр Байгалийн мужийн өмнөд хэсгийн Кыриний районд алт олборлож байгаа нь ийнхүү Ашинга гол, түүний зүүн салаа Убыр Шин голыг бохирдуулсан аж. Өнгөрөгч зургадугаар сард үргэлжлэн орсон их борооны улмаас Безымянный ба Убыр Шин голын хөндий дэх технологийн усан сангийн ачаалал хэтэрч, борооны болон уурхайн ашиглалтын ус долдугаар сарын 2-ноос эхлэн хальж алдагдсан байна. Технологийн усан санд хуримтлуулсан уурхайн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологиор алт олборлох үйл ажиллагааг “Артель старателей Бальджа” ХХК явуулж байжээ.

Хальсан ус Безымянный горхи, Убыр Шин гол, Ашинга голоор дамжин Ононд цутгасныг мэргэжилтнүүд тогтоосон байна. Их хэмжээний тунадасжилт бүхий булингартай ус хальсан ч химийн хорт, бусад аюултай бодис усанд тархаагүйг тэд баталж байна. Учир нь уурхайн олборлолтод ийм бодисуудыг ашигладаггүй аж. Одоо Убыр Шин орчимд олборлолт зогсож, гидротехникийн байгууламжийг сэргээн засварлаж байна.

Усны химийн найрлагын ажиглалтыг Монгол Улстай хил залгаа Дээд Ульхан тосгон дахь усны харуул дээр хийдэг. Энэ харуул дээрээс хамгийн сүүлд буюу долдугаар сарын 14-нд авсан дээжид химийн шинжилгээ хийхэд нийт 45 дээжээс зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-нээс давсан 5 тохиолдол ажиглагджээ. Усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ 5.65 мг/л байгаа нь зуны хугацаанд байх ёстой 6 мг/л–ээс бага байна. Зэсийн ион –1.5 ЗДХ, цайр–3 ЗДХ, марганц–8 ЗДХ, фенол-2 ЗДХ байгаа нь голын ус бага зэргийн бохирдолттойг харуулж байна.

Хилийн усны бохирдол гарсантай холбогдуулан “Артель старателей Бальджа” ХХК-д зохих арга хэмжээ авахыг ОХУ-ын Усны нөөцийн асуудал хариуцсан газраас ОХУ-ын Байгаль орчны хяналтын албаны Өвөр Байгалийн мужийн Удирдах ерөнхий газар, Прокурорын газар, мужийн захиргаанд даалгажээ. Мөн ОХУ-ын Газрын баялгийн асуудал эрхэлсэн газраас Өвөр Байгалийн мужийн харъяа газрыг тус мужийн Байгаль орчны хяналтын албатай хамтран “Артель старателей Бальджа” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа авах, шаардлагатай бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

Үүнээс гадна Орос-Монголын биологийн хамтарсан экспедициэс тусгай ажлын хэсэг гарган Ашинга голын эхэнд шинжилгээ хийлгэж, орон нутгийн иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Энэ оны наймдугаар сарын 28-30-нд авсан нийт 13 дээжийг шинжилгээнд өгсөн байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд, ноцтой байдал үүсээгүй, голын ус хэрэглэсний улмаас загас, амьтан үхсэн, хүн мал хордсон тохиолдол гараагүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.