Эрүүл мэндийн салбарыг “эмчлэх” цаг болжээ
2010.10.18

Эрүүл мэндийн салбарыг “эмчлэх” цаг болжээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Монголын эрүүл мэндийн салбар бүхэлдээ Доголдолтой, эмч нар нь тангараг өргөсөн атлаа гудамжинд гарч жагсана, хүний эрүүл мэндийг хөсөр хаяж, хэдэн төгрөг гар дээр нь тавихаас нааш хөдөлдөггүй гэхчлэн сайнchuulgan_06 гэхээсээ илүү саар зүйлийг гишүүд тодотгов. Ажлын хариуцлага алдаж, хүний амь насаар наадсан тэдэнд эргээд хариуцлага тооцох механизм сул байдгийг ч онцолсон юм.Үүний илрэл нь орон нутгийн өвчтөнүүд нийслэл рүү, нийслэлийнх нь Эрээн, Солонгос гэхчлэн гадны улсыг зорьдог явдал. Түүнчлэн иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх ажил хийгддэггүй. Харин хүн ам нь өвчлөхийн төлөө гэсэн байдалтай ажлаа явуулдгийг ч гишүүд шүүмжиллээ.

Дээрх шүүмжлэлээс эхлээд эрүүл мэндийн салбарт асуудал их бий гэнэ. Гэтэл шинэчлэн найруулах гэж буй хууль нь өмнөхөөсөө шал дордож орж ирснийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэв. Тэрбээр өмнөх хуулиасаа дордсон, бантан маягийн хууль гаргах хэрэггүй гэв. Н.Ганбямба гишүүн "Амьдралгүй хууль болох гэж байна. Хуулийн төсөлд зааснаар өрхийн болон сум дундын эмнэлгүүдийг нэгтгэж Эрүүл мэндийн төв гэсэн нэртэй оргүй поликлиник маягийн болгох нь зохисгүй. Олгой нь өвдөөд дотроо хагарах гэж байгаа хүн сум дундын эмнэлэгт иртэл зогсоогоор нь хагалах уу" хэмээн асуув.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 1994 онд эрүүл мэндийн салбарт 37.4 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол 2010 онд энэ мөнгө 10 дахин өсчээ. Гэтэл элдэв өвчлөл нэмэгдсэн үү, гэхээс буурсан үзүүлэлт байхгүйг шүүмжлэв. Харин Г.Баярсайхан гишүүн эрүүл мэндийн салбарт удирдлага нь эмч хүн байх нь гол биш. Харин сайн менежер байвал ононо гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарыг зах зээлийн харилцаанд оруулахад С.Ламбаа сайдыг юу хийж байгааг асуусан юм. Мөн тэрбээр зарим чухал мэс засал, хагалгааг төлбөртэй хийж байгаа нь зөв боловч үүнд зохицуулалт хэрэгтэйг ч тодотгов.

С.Ламбаа сайд, сумын эмнэлгээс алслагдсан газарт их эмчтэй салбар байх, ер нь хүндээ хүрч очдог л эмнэлгийн үйлчилгээний статустай болох гэж ажиллаж байгаагаа дуулгав. Тэрбээр "Өрхийн эмнэлгийн талаар ярихдаа, жишээ нь 2000-хан үйлчлүүлэгчтэй бол тухайн өрхийн эмнэлгийн санхүүжилт нэлээд хэцүү" хэмээн урвайсан юм. Нэгэн үе Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан Л.Гүндалай гишүүн тус салбарын талаар ихэд шүүмжлэлтэй хандаж, сүүлдээ бүр ширээгээ нүдэн, хуралдааныг орхиж гарав.

Түүнчлэн тус хуулийн заалт нь амьдралд төдийлөн нийцдэггүй талаар шүүмжилсэн юм. Тухайлбал, мэргэжлээрээ их, дээд сургууль төгссөн эмч, сувилагч нарыг сумын эмнэлэгт хоёроос дээш жил ажилласны дараа аймаг, нийслэлд ажиллах эрхтэй болох талаар хуульчилжээ. Үүнээс болж сум дээрээ эмч нар нь орон тоо хүлээгээд ажилгүй суугаад байдаг. Гэтэл аймагт сул орон тоо хангалттай байгаа ч ажиллаж болдоггүй байдал үүсдэг аж. Энэ талаарх зохицуулалтыг хуульд тусгахыг гишүүд хүсэв. Мөн цалингийн шатлалтай болгох саналыг ч гаргав. Тогтмол цалин авдаг эмч нар ажлынхаа ур чадвар, иргэдэд үйлчлэхдээ сэтгэлээсээ ханддаггүй. Цаг нөхцөөх байдлаар ажиллаад л өнгөрдөг гэнэ. Хэрэв цалингийн шатлалтай болгочихвол өвчтөнд сэтгэлээсээ бага ч атугай ханддаг болох боломжтой аж.

Мөн эмч, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо нь хоцрогдсон. Хоёр жил хэртэй эсвэл хэдхэн сараар зүрхний эмч бэлтгэдэг газар манайхаас өөр хаана ч байдаггүй талаар шүүмжлэв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, эмнэлгийн ажилтнуудын харилцааны соёл болон мэргэжлийн ур чадварын талаар ярьсны зэрэгцээ эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн тухай асуудлыг хөндөв. Тэрбээр "Машины боолт    солихоос    хямдхан    үнээр хагалгаа хийж байгаа эмч нар өнөөдөр байна. Тэр хэр баталгаатай байх бол. Хямд зүйл хэзээд чанаргүй" байдгийг ч онцлов.

С.Ламбаа сайд хариуд нь эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, кодекс гэж байгаа, үүнийг бодолцсон гэлээ. Мөн эмч, мэргэжилтнүүдийг хөгжүүлж, боловсруулах тал дээр Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай хуульд заалт орж ирнэ, тусгай хуулиар зохицуулагдана гэв. Мөн тэрбээр "Сүүлийн үед бөө болох гэсэн хүн галын тахилгад ороод түлэгдэж гэмтэж эмнэлэгт ирэх нь ихэссэн. Энэ мэт зүйлийг ч анхаарахгүй өнгөрч боломгүй байна гэсэн. Өртөг өндөртэй хагалгааг оношийн группээр ялгаж, салгаж хийж байгаа" гэв.

Мөн хуульд уламжлалт анагаах ухааныг тусгаж өгөх саналыг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир сануулсан юм. Түүнчлэн Монголд байгаа эмийн замбараагүй борлуулалтын тогтолцоог яах гэж байгааг сайдаас асуув. Эмч бүр өөрөө улсын эмнэлэгг ажилладаг хэрнээ хувийн эмнэлэгтэй, эмийн сантай байгааг судалж хуулинд бас зохицуулах зүйл заалт оруулах хэрэгтэй гэлээ.

Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.