![Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сум, багийн иргэдтэй уулзана](http://tuvaan.mn/media/news/original/2025/02/06/cce9efa1da7612139e09696a514dfd1e.jpg)
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сум, багийн иргэдтэй уулзана
УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган 81 өдөр чуулж, нийт 52 хууль, УИХ-ын 57 тогтоолыг хэлэлцэн баталснаар өндөрлөж байна.
Намрын чуулган ийнхүү өндөрлөснөөр Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж “Эргэх холбоо” хөтөлбөрөө үргэлжлүүлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сум багийн иргэдтэй уулзах юм.
Тодруулбал, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын алба, УИХ-ын гишүүд 3 хэсэгт хуваагдан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сум, багуудад 2025.02.02-ны өдрөөс эхлэн ажиллана.
Энэ намрын чуулганаар бид сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг УИХ хийлээ. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарлаа.
Ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.