2010.10.20

Монгол Улсын Их Хурлын Цахим архив нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурал Цахим архивтай болж, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн энэ өдөр нээлтээ хийлээ.

 

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны /Койка/ байгууллага, Улсын Их Хурлын Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан уг архивын нээлтийн арга хэмжээг нээж Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд,  ноён Жон Ил нар үг хэлж, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, хандивлагч байгууллагын төлөөлөгчдийн хамт тууз хайчлан Цахим архивыг нээв.

Нээлтийн ажиллагаанд оролцогсод Улсын Их Хурлын Цахим архивын үйл ажиллагаа, уг архивын үйл ажиллагааг харуулсан цахим танилцуулга, архивын нэгжүүд байршдаг хадгаламжийн сан, иж бүрэн тоноглогдсон ажлын өрөө, цахим уншлагын танхимтай танилцлаа.

 

Улсын Их Хурлын архивт 1990-2010 оны баримтууд хадгалагдаж байдаг бөгөөд эдгээр нь цаасан баримт 11151 нэгж буюу 1,727,792 хуудас, 1619 ширхэг гэрэл зураг, 4074 видео бичлэг, СД бичлэг, 1798 дууны баримт /аудио/ байдаг аж.

"Улсын Их Хурлын Цахим архив байгуулах" төсөл нь архивын баримтын нэр төрөл, бүрэлдэхүүн, агуулга, байршлыг харуулсан хоёрдогч мэдээллийн сан бүрдүүлэх, архивын мэдээллийг иргэдэд нээлттэй, шуурхай, хүртээмжтэй ашиглах нөхцлийг бүрдүүлэх, архивын баримтын агуулга, гарчиг, бүртгэлийн дугаараар хайх эрэлт хайлтын болон ашиглалтын иж бүрэн програм хангамжтай болох зорилтыг хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн архивын орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, мэдээллээр үйлчлэх ажиллагааг боловсронгуй болгох, архивын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох, архивын мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, мэдээллийн хадгалалт, ашиглалтын нөхцлийг сайжруулах, төрийн байгууллагуудын хэмжээнд загвар "Цахим архив" бий болгох зорилт тавин ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын Цахим архивын нээлтэд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, хандивлагч байгууллагын төлөөлөл, Тамгын газрын ажилтнууд, сэтгүүлчид оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.