Нийтийн өмчийн эмгэнэл буюу бэлчээрийн талхагдал
2010.10.22

Нийтийн өмчийн эмгэнэл буюу бэлчээрийн талхагдал

« Бэлчээр төрийн өмчид байна. Энэ нь "Нийгийн өмчийн эмгэнэл"-ийг бий болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл үнэгүй юмыг өрсөж ашиглах гэсэн сэтгэлгээ газар авсаар байгаа юм.

malchid_huralМанай орны газар нутгийн 73.9 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. Түүний 96.3 хувь нь бэлчээрт ногддог. Сүүлийн 20 жилд бэлчээрийн талбай 15 хувиар хорогдож, ургац 30 хувь буурчээ. Түүнчлэн бэлчээрийн 80 гаруй хувь нь ямар нэг байдлаар доройтож талхлагдсан байна. Үүний шалтгаан нь малын тоо эрс олширч, мал бэлчээрийн зохистой харьцаа алдагдсан, усан хангамж муу, сүргийн бүтэц өөрчлөгдсөн гээд олон шалтгаан байгаа ч хамгийн том нь хамгийн эхэнд дурдсан шалтгаан ажээ.

Энэ асуудлыг шийдэхээр олон жил ярьж байгаа ч гоц гойд арга ухаан олоогүй байгаа билээ. Иймд бэлчээрийг зүй зохистой ашиглах, талхагдал, доройтлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх эрх зүйн зохицуулалт бий болгох нь дээрх асуудлыг шийдэх нэг том арга зам болно гэж эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд, улс төрчид ч үзэж байгаа юм. Тийм ч учраас Бэлчээрийн тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа бөгөөд хуулийг аль болох амьдралд нийцсэн болгох үүднээс "Бэлчээрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь " сэдэвт бага хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг бага хурлыг УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, ХХААХУЯ-ны санаачилгаар Монголын бэлчээрийн менежментийн холбоо, Дэлхийн банкны "Тогтвортой амьжиргаа", Монголын Мянганы сорилтын сангийн "Хот орчмын бэлчээр" төсөл хамтран зохион байгуулсан юм. Бага хуралд бэлчээрийн тухай хуулийн төслийг танилцуулж онд оролцсон мэргэжилтэн, суддаач, малчдын саналыг сонслоо. Бэлчээрийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар УИХ-д өргөн бариад байгаа юм. Одоогийн байдлаар бэлчээрийн асуудлыг газрын тухай хуулиар л голлон зохицуулж байгаа ч зөрчилтэй асуудал нэлээн байгаа аж.

Тухайлбал: газрын тухай хуулиар бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид газрыг ашиглах эрх үүссэн ч ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг олгох асуудлыг хуульчлаагүйгээс бэлчээрийг албан ёсоор ашиглах эрх нээгдэхгүй байгаа юм байна. Мөн өвөлжөө, хаваржааны газрыг тодорхой хэсэг бүлэгт гэрээгээр ашиглаж болох заалт газрын тухай хуульд бий ч бэлчээр ашиглагч бүлгийн статус, эрх үүрэг тодорхойгүй учир хэрэгжих боломжгүй байгаа ажээ.

Энэ тухай Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн дээрх бага хурал дээр танилцууллаа. Мөн УИХ-д өргөн бариад байгаа Бэлчээрийн тухай хуулийн төслийг тус холбооноос боловсруулсан хуулийн төслийн хувилбартай харьцуулсан судалгааг танилцуулсан юм. Бага хурал бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалт, хот орчмын бэлчээрийн асуудал бэлчээр төлөвлөлтөд малчдын оролцоо зэрэг хэд хэдэн чиглэлээр ярилцаж, зөвлөмж гаргалаа. Бага хурлын үеэр зарим малчидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Завхан аймгийн Идэр сумын малчин Г.Шаравжамц, бэлчээрийн асуудал саяхан гарч ирсэн юм биш.

1990 онд мал хувьд очсоноос хойш л яригдаж байна. Мал хэт өссөн, сүргийн бүтэц алдагдсан гээд олон шалтгаантай. Гэхдээ сүүлийн үед малчид өөрчлөгдөж байна. Хүн болгон мянгат малчин болох гээд байхаа больсон. Одоо бол зүгээр л нэг ченж залуу мөнгөөр төлөг худалдаж аваад мянгат малчин болчихожб айна. Харин яг үндсэн малчид нь тэрнээс өмнө мянгат малтай байхын сайн мууг мэддэг болчихсон. Өнгөрсөн онд сумын бэлчээрийн менежментийн холбоо байгуулагдсан. Сум 10 хэсэгтэй. Манай хэсэг 17 өвөлжөөтэй. 60-аад айл өрхтэй. Ерөнхийдөө бэлчээрээ хуваарилчихсан. Ингээд ирэхээр малчид тэс өөр ханддаг болж байна гэж байлаа. Тэгвэл мөн сумын малчин Л.Лхагважав, Бэлчээрийн тухай хуулийн төслийн 3-9-4-д хаваржаа, өвөлжөөг эзэмшүүлнэ гэсэн байна. Эзэмшүүлээгүй байхад л хөдөөд хоорондоо муудалцаад байдаг. Тэгэхээр эзэмшүүлнэ гэдэг in, арай биш. Харин багаар нь юмуу хэсгээр нь нутгийг нь хуваарилаад баталгаажуулаад өгчих.

Тэд өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон малтай хүн ахиухан газар эзэмшээд авах, тэр ч байтугай хот орон нутгаас нэг малчинд эзэмшүүлж авчихаад мөнгө өгөөд тэрэн дээрээ мал аж ахуйгаа эрхлүүлээд эхлэхийг хэн байг гэхэв. Ийм асуудал хүссэн хүсээгүй гарна гэлээ.Харин Ховд аймгийн Дөргөн сумын малчин Ө.Цэдэн, Бэлчээрийн талаар энд их сайхан л юм ярьж байна. Ганц ганцаар нэг толгойн ёроолд сууж байснаас нийлээд зохион байгуулалтад орвол сайн л байна. Гэхдээ манай суманд ингэх боломж муутай. Бид чинь нэг газар дээр 10-аас илүү хонож чаддаггүй. Байнга нууж явдаг. Дээр нь манай тэнд даац бага, гарц муутай, ашиггүй талбай бас их байгаа. Тэрийг яаж зохицуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй гэлээ. Ховдоос ирэх замдаа харж л байлаа. Хангай газар бол энэ бол амархан болохоор харагдаж байна. Түүнээс гадна хуулийг нарийн хийх хэрэгтэй, одоо их сул хуультай байна. Хариуцлагыг хуульд маш сайн тусгаж өгөх хэрэгтэй. Газар гэдэг чинь малаас үнэтэй. Гэтэл малдаа арга хэмжээ авч чадахгүй байгаа юм чинь газраа яах вэ? Хууль чанга байх юм бол газрыг хашаад байх шаардлага байхгүй гэсэн саналтай байв.

Түүнчлэн өндөр ашиг шимтэй цөөн малтай байх боломж бий юу гэдэг асуултад малчин Ө.Цэдэн, малын ханшаас л болно. 200 малтай байж 400 малтайн чинээ ашиг шимтэй дүйж байж л малын тоо толгойг цөөлнө үү гэхээс амьдралд хүрэхгүй бол малаа яаж цөөлөх юм. Ан агнуур шиг малд үнэ тогтоож өгөх хэрэгтэй.Манай тэнд зэрлэг гахай хулгайгаар агнавал 5 сая төгрөг байна. Гэтэл нэг морь хулгайлсан хүнийг 300 мянгаар үнэлж торгож байна. Ингээд бодоход 17 адууны үнэ нэг гахайтай тэнцэж байна хэмээсэн юм.

Ш.Эрдэнэчимэг
Эх сурвалж: МОНЦАМЭ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.