Б.Батцэцэг: Малчин түмний минь ажил үйлс улам өөдөө дэлгэрч, буянт мал сүрэг өсөн арвижих болтугай
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг УИХ-ын хаврын чуулган завсарласан байгаа өдрүүдэд буюу 2025-02-22-ний өдөр Архангай аймагт ажиллав.
УИХ-ын гишүүн Б.Батцэцэг:
"Могой жилийн босгон дээрх томилолтоо Арын сайхан Хангай нутгаас эхэлж, 2024 оны ажил үйлсээ төр түмэндээ үнэлүүлж буй Улсын аварга малчин, аварга тариаланч хамт олон, аварга саальчин, шандаст хүлгээ хурдлуулж гарамгай амжилт гаргасан Улсын Алдарт уяач, уралдаанч хүүхэд, мэргэн харваачдад шагнал гардуулан, зон олныхоо баярт мөчийг хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна.
Улиран одож буй луу жилд нутгийн олны ажил үйлс тэгш дүүрэн байж, малчин түмэнд хишиг буянаа хайрласан дэлгэр сайхан жил байлаа. Энэ жил Архангай аймаг 4.1 сая толгой мал тоолуулж, улсын хэмжээнд адуу, үхэр сүргийнхээ тоогоор тэргүүлэн, нийт малынхаа тоогоор дөрөвдүгээрт орж бахдам амжилт гаргалаа.
Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин долоо, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч хамт олон төрөн гарсанд бахархаж байна. Малчин түмний минь ажил үйлс улам өөдөө дэлгэрч, буянт мал сүрэг өсөн арвижиж, айсуй урин цагийг хийморь тэтгэн угтах болтугай" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан