Ж.Бямбадорж, П.Очирбат нарыг дахин томилуулах саналыг байнгын хороо дэмжлээ
Иймээс Ж.Бямбадорж, П.Очирбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилуулах саналаа тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр УИХ-ын удирдлага, УИХ дахь намын бүлгийн дарга нарт танилцуулж саналыг нь авсны үндсэн дээр ийм санал оруулж буйгаа хэллээ.
Байнгын хорооны гишүүн Ж.Сүхбаатар, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Энхбат нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэллээ. Гишүүн Ж.Сүхбаатар нэр дэвшигчид нь Монгол Улсны шинэ Үндсэн хуулийг батлахад ихээхэн үүрэгтэй оролцож ирсэн хүмүүс учраас Үндсэн хуулийн тулгуур зарчмыг цаашид алдагдуулахгүйгээр авч явж чадна гэдэгт итгэж буйгаа хэлэв. Гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ, хууль ёсоор байгуулагдан бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ыг элдвээр муучлах замаар парламентат ёсыг үгүйсгэх хандлага сүүлийн үед газар авч, зарим улс төрийн хүчин эрүүл бус ийм явдлыг илэрхий дэвэргэн өөгшүүлэх хандлага илт ажиглагдаж буйг шүүмжлээд Үндсэн хуулиа тууштай хамгаалахад нэгдмэл ойлголт чухал байгааг онцлов.
Мөн гишүүн Ч.Сайханбилэг Үндсэн хуулийн цэц эрх зүйн шинэ орчинд ажиллах боломжтой болсныг онцлоод харин институц хоорондын харилцаанд анхаарах, цогц ойлголт янз бүрээр тайлбарлагддаг явдлыг арилгах, хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллахыг тэднээс хүсэв. Гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийг шүүх гэж ойлгож байгаа бол тэр байранд нь тавьж шалгуур шаардлагыг ч өндөрсгөх ёстой. Үндсэн хууль бол хоёр намын асуудал биш монгол түмний эрх ашгийн илэрхийлэл учраас буусан улстөрчид очиж суудаг зөөлөн суудал байж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Ингээд Ж.Бямбадорж, П.Очирбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилуулахаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын даргад өргөн барьснаар Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм байна.