2010.10.28

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын 2010 оны аравдугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан  Монгол Улсын 2011 оны төсвийн тухаmongol_moneyй, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн  төслүүдийн нэг дэх  хэлэлцүүлгийг хэлэлцсэнээр эхэллээ.

 

Төсвийн төслүүдийн талаархи илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тавив.

 

Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн нийт орлого 3 их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -2.5 хувьтай тэнцэхээр төсвийн төслийг боловсруулжээ.

 

Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн асуудлуудын нэг бол төсвийн шинэчлэл гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцоллоо. Төсвийн төвлөрлийг задалж, орон нутаг, нийслэлд захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд нь, эрхэлж байгаа бизнест нь, орон нутаг дахь бүтээн байгуулалтад нь, ажлын байр бий болгоход нь хөрөнгө оруулалт хийх, төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоо, эрхийг нэмэгдүүлэхэд энэхүү шинэчлэлийн зорилго оршиж байгаа бөгөөд ингэхийн тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар энэ онд нэлээдгүй арга хэмжээ авч ажиллажээ.

 

Ерөнхий сайд илтгэлдээ,”…төсвийн тогтворжуулалтын санд 2011 онд ойролцоогоор 164.6 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрөх төлөвтэй байна. Уул уурхайн ордуудын ашиглалттай холбоотойгоор 2013 оноос эхлэн тус сангаас хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ хэмээн бид үзэж байгаа.

 

Цаашид орон нутгийн төсвийн суурь тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх санхүүгийн дэмжлэг олгохоос гадна зөвхөн тодорхой үйлчилгээнд орлогыг зарцуулах эрхтэй нөхцөлт шилжүүлэг тухайлбал, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж орон нутгийн хөгжлийг дэмжих нэгдсэн сангаас олгох шилжүүлэг болон нийслэл, хотын хөгжлийн хэрэгцээнд зориулж улсын төсвөөс олгох тусгай зориулалтын татаас зэргийг олгохын зэрэгцээ улсын төсөвт орон нутгаас орлого төвлөрүүлдэггүй байх тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх эрхийг орон нутагт нь бүрэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Томоохон хэмжээний худалдан авалтыг төвлөрсөн байдлаар Засгийн газрын тусгайлсан агентлаг зохион байгуулж, салбарын яамд болон Төсвийн ерөнхийлөн захирагч нар тендер шалгаруулалт, зохион байгуулалтад оролцдоггүй байх тогтолцоонд шилжинэ.

 

Ирэх онд эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байх төлөвтэй байна.

 

Иймд Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтийг хангах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, ажлын байр гаргах, хүн амын сурч боловсрох, эрүүл аж төрөх, амьдрах нөхцөлийг сайжруулах зэрэг Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтыг тавьж, эдгээр чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьсон. Энэ дагуу ирэх онд Хүний хөгжил сангаас иргэн бүрт сард 21,0 мянган төгрөг, оюутнуудын сургалтын төлбөрт 500,0 мянган төгрөгийг тус тус олгохоор тооцсоны зэрэгцээ бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, сум бүрт төсвөөс олгох хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэн тооцлоо.

 

Ирэх онд төсөвт төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлогыг  тооцохдоо дэлхийн зах зээл дэх алтны үнийг 1,250.0 ам доллар, цэвэр зэсийн үнийг дунджаар 8,425.0 ам.доллар, угаасан нүүрсний үнийг 128.0 ам доллараар  тус тус тооцож төсвийн төсөлд тусгалаа.

 

Хэдийгээр төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгосноор 2011 оноос эхлэн орлого буурах хэдий ч орлогын бусад эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх жилүүдийнхээс нэмэгдэхээр байна.

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар 2011 оны хувьд “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д “ЗЭС” болон “НҮҮРС”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. Алтны хувьд дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул хамаарахгүй.

 

2011 онд зэс, нүүрсний үнийг ОУВС-ийн сүүлийн 12 жилийн дундаж, “Bloomberg” агентлагийн 2010-2013 оны үнийн төсөөллийн дунджаар тооцоход төсөвт нийт 583.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

 

Төсвийн зарлагын хувьд УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгох, цалин тэтгэврийн хэмжээг 2010 оны түвшинд барих, төсвийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх, УИХ-аас Засгийн газарт өгсөн үүргийн дагуу орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг төсөвт тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээг 2010 оны түвшинд байлгахаар  тооцлоо.

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 2011 он онцлог жил болж байгаатай холбогдуулан шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн тоог өмнөх жилээс нэмэгдүүлэх зарчмыг баримталснаар төсвийн нийт хөрөнгө оруулалтад шинээр эхлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний  эзлэх хэмжээ 42.8 хувь болж байна.

 

Төсвийн нийт хөрөнгө оруулалтын 86.2 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 5.6 хувийг их засварын ажилд, 8.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулахаар төлөвлөлөө.

 

Орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан байдлыг хангах, төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд 2011 онд аймаг бүрт 560.0 сая төгрөгөөр тооцсон нийт эх үүсвэрийг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, хүн ам, газар  нутгийн хэмжээ, ДНБ болон орон нутгийн татварын орлогын төвлөрүүлэлт зэрэг үзүүлэлтийг харгалзан хөрөнгө оруулалтад хуваарилах, нийслэлд 20.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулах эрх олгохоор төсвийн төсөлд тусгалаа…” гэсэн юм.

 

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авлаа.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба:-Төсвийн орлогын хувьд эрсдэл ихтэй төсөв болжээ. Ийм төсөв дээр зардал тавих хэцүү байдаг. Төсвийн зарлага дээр бүтцийн өөрчлөлт яагаад оруулж ирсэнгүй вэ. Энэ олон яам, агентлагаа багасгах болоогүй юу. Мөн тэмдэгтийн хураамж, зэсийн үнийг өндөр оруулж ирсэн нь эрсдэл дагуулахгүй юу. Инфляцийн гал дээр бензин хийсэнтэй адил төсөв болсон байна. Хоёр триллион давчихаад байгаа захиргааны үр ашигггүй зардлыг багасгах асуудлыг хэлэлцүүлгийн явцад ярилцах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, энэ удаагийн төсвийн давуу болон сул тал юу байгааг тодруулсан юм.

 

Сангийн сайд С.Баярцогт, энэ удаагийн төсөв уул уурхайн төсөвт тулгуурласан эсдэлгүй төсөв. Нийт төсвийн эдийн засагт эзэлж байгаа хувь өндөр 40 хувьтай байгаа. Эдийн засгийн тогтворжуулалтыг бий болгосон нь давуу тал. Харин сул тал нь нийт иргэд дээр очиж байгаа бэлэн мөнгө урьд урьдахаас илүү болсон. 2008 оны сонгуулийн улс төрийн амлалтыг хэрэгжүүлэх үүднээс ирэх онд мөнгөний урсгал хурдацтай өсч байна.Тэмдэгтийн хураамж абсалют дүнгээр нэмэгдсэн учраас иргэдэд дарамт учруулахгүй. Татварын баазыг өргөтгөх асуудлыг зөв гэж үзэж байна. Захиргааны шинэтгэлийн асуудлыг тухай тухайн жилд нь ярьж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхгүй бол амьдралд нийцэхгүй байгаа юм. Цаашид төрийн үйлчилгээг явуулахад ямар бүтэц зохион байгуулалттай байх асуудлыг 2013 оноос эхэлж ярилцана гэж үзээд энэ удаа уг асуудлыг хөндөөгүй гэсэн хариултыг өглөө.

 

Төслийг хэлэлцэх явцад гишүүд ажилгүйдлийг шийдвэрлэх асуудал хамгийн тулгамдсан асуудал. Ажилгүйдэл, макро эдийн засаг хол зөрүүтэй байна.2011 оны эцэст Засгийн газрын мөрийн хөтөлбөр 80 хувьтай байх ёстой. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 30 орчим триллион төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл төсөвт 9 тэрбум төгрөг суужээ. Энэ мөнгөөр яаж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм бэ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр мөнгөний бодлого, үндсэн чиглэлтэй яаж уялдсан юм бэ. Өнөөдөр улсын төсөв хэрээс хэтэрсэн нь маш том асуудал. Төсвийн байгууллагын цалин, халамж нэмэгдсэнээр хувийн хэвшил чирэгдэж хүнд байдалд байна зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.

 

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2011 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг  үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.