
20 минутын хот Үндэсний хороо хуралдлаа
20 минутын хот Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025 оны 04 сарын 04-ний өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо.
Энэ удаагийн хуралдаан "Нийслэл Улаанбаатар хотын засаглалын реформ" сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Хуралдаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Батхуяг, Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, 20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Батболд, 20 минутын хот Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Оюундарь, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од нар оролцлоо.
Хуралдаанаар “20 минутын хот үзэл баримтлал”-ын баримт бичгийг танилцуулан хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг нийт оролцогчид дэмжсэнээр үзэл баримтлалыг хэлэлцүүлэх тогтоолын төслийг батлав. Мөн нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон мега төслүүдийн үйл явц болон хөрөнгө оруулалтын зарим асуудал, тэдгээрийн явцын талаар мэдээлэл, санал солилцсон юм.
20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Батболд "20 минутын хот үзэл баримтлалын хэрэглээний талаарх төсөөлөл"-ийг гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулах, газрыг зөв зохистой ашиглах шийдэл дээр жишээлэн нийт хурлын бүрэлдэхүүнд танилцуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан “ 20 минутын хот үзэл баримтлалыг иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байгаа нь нийслэлийн үйл ажиллагаатай бүрэн уялдаж байгаа ба нийслэлийн засаг даргын тамгын газар үзэл баримтлалын хэрэгжилтийг хангаж ажиллахад санаачлагатай ажиллах нь чухал” хэмээн онцоллоо.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "20 минутын хот үзэл баримтлалын хүрээнд нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг төлөвлөхдөө нийслэлийн удирдлагууд болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар иргэдийн амжиргааны түвшнийг дээшлүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх замаар хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. 20 минутын хот Үндэсний хорооны ажлын албаны алба хаагчид ч мөн энэ чиглэлд анхаарч, төрийн бусад байгууллага, яамдууд, чиг үүргийн агентлагуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэж байна" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ


