МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсөл хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцлоо
2025.02.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Төсөл хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцлоо

20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон 20 минутын хот Үндэсний хорооны албан хаагчид Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин нарыг хүлээн авч, уулзлаа.

Тус уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн их багтаамжтай нийтийн тээврийн төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцож, чиг үүргийн хуваарилалтыг нарийвчлан хийхээр болсон юм. Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор нийслэлд хэрэгжүүлэх 23 мега төслийг хэрэгжүүлэхэд салбар, байгууллагууд хоорондын уялдаа холбоо чухал болохыг сайд Р.Эрдэнэбүрэн онцлоод эдгээр төслийг хэрэгжүүлэхэд чиг үүргийн давхардалгүй, харилцан мэдээлэл солилцож, гүйцэтгэл сайта ажиллах нь чухал тул төсөл тус бүрийн явцын мэдээллийг зангидаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

НУХАЗТБНТХН-ийн захирал У.Баатар, Улаанбаатарт их багтаамжтай тээврийн хэрэгслийн төлөвлөлтүүд дээр 20 минутын хот Үндэсний хорооны дэмжлэг чухал байгааг дурдаад нийтийн тээвэр болон явган замын трасс шугамуудыг хавар, зуны улиралд бүтээн байгуулж яаралтай хийхээр төлөвлөснийг танилцуулсан юм. Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин нийслэлд хэрэгжүүлэх томоохон мега төслүүдэд талууд хамтран ажиллахдаа мэргэжлийн салбарын төлөөлөл, зөвлөхүүдийн саналыг тусгах нь чухал болохыг онцоллоо. Мөн нийслэлд хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын явцыг түргэтгэх, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд талууд үйл ажиллагааны төлөвлөлтөө уялдуулж, шилэн ил тод нээлттэй хамтран ажиллахаар тогтсон юм.