2025.04.10
Улстөр
Ж.Баясгалан: Мөрдөн байцаах, шүүх үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангаж ажиллаарай
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ.
Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Улиран ажиллах гэж байгааг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ хугацаанд мэдээж алдаатай оноотой юм байсан. Гэхдээ алдаанаасаа оноо нь илүү шударга ёс илүү байсан, хууль дээдлэх ёс илүү байсан гэж дүгнэж байгаа. Хүний эрх эрх чөлөөг 1 дүгээрт тавиарай. Хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийг ярих юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөөний асуудал бас яригдана. Тэгэхлээр мөрдөн байцаалтын явцад, прокурорын явцад, шүүхийн явцад тэр хүмүүсийн эрх, эрх чөлөөг сайн хангаж ажиллаарай гэж хүсье. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд ер нь өнөөдөр прокурорын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа юу? Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл дээр бол маш тодорхой тусгасан байдаг. 25-аас дээш ажиллагсадтай бол 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авна гэсэн заалт байдаг. Хэрвээ ажиллуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хураамж төлөх ёстой. Үүн дээр тодорхой тоо хэлээд өгөөч ээ. Би хууль тогтоох дээд байгууллага гэдэг утгаар нь хуулиа түрүүлж биелүүлдэг байгаасай гэдэг үүднээс асууж байгаа юм. Хэрвээ энэ тоо хүрдэггүй бол энэ тоог заавал хүргэж ажиллаарай гэж шаардаж байна.
Түүний асуултад, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан хариуллаа.