2025.04.03
Хууль, эрх зүй
П.Батчимэг: ЗГ-ын гишүүд дарга нар “нууц”-д хамаарах мэдээллээ өөрсдөө тогтоодог болсон нь Үндсэн хуулийг гажуудуулсны нотолгоо
Өнөөдрийн /2025.04.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” багц хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Хүний эрхийг хангах бодлого, хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх, нийгмийн бүх харилцаанд хүний эрхийг бүрэн хангасан тогтолцоог төлөвшүүлэх зорилгын хүрээнд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэдэн асуулт байна.
МУ-ын Үндсэн хуульд иргэд “төрийн нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”, “төрийн нууцыг хуулиар тогтооно” гэж заасан. Гэвч 2016 оноос хойш Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газрын гишүүд, төрийн бүх байгууллагын дарга нар “нууц”-д хамаарах мэдээллээ өөрсдөө мэдэж тогтоох эрхтэй болсноор төрийн байгууллагуудын албаны нууцад хамаарах мэдээлэл нь өнөөдөр 1043 болсон байгаагаас үзэхэд Үндсэн хуулийн үзэл баримтлал яаж гажуудсаны нотолгоо гэж хэлж болно. Иймд энэ гажуудлыг засахгүйгээр иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хангагдах, төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдал сайжрах нөхцөл бүрдэхгүй.
Мөн манай улсын стратегийн чухал салбаруудын нэг мэдээлэл, харилцаа холбооны салбарын Зохицуулах байгууллагын бие даасан, мэргэжлийн байх, хараат бус байдлыг бэхжүүлэхтэй холбоотой Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна.
ШИНЭ МЭДЭЭ




