МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жаргалан: Төрийн өмчит компани дотор тусдаа үүссэн "Вант улс"-ыг хуулийн шинэчлэлээр мөхөөнө
2025.04.15
Улстөр

Б.Жаргалан: Төрийн өмчит компани дотор тусдаа үүссэн "Вант улс"-ыг хуулийн шинэчлэлээр мөхөөнө

Нийгэмд нам дагаж ам тосддог ойлголт хэдийнээ хэвшжээ. Төрийн албан хаагч намын харьяалалгүй байх ёстой ч энэ нь зөвхөн цаасан дээрх баримт төдий зүйл аж. Сонгуулийн үр дүн төрийн албанд зүтгэгчдийн ирэх дөрвөн жилийг тодорхойлдог цаг үед бид амьдарч байна. Нам нь ялбал туг барина ялагдвал лааз өшиглөнө...

Реформ хийх үндэслэл

Хамтарсан Засгийн Газар багуулах хүртэлх 8 жилийн хугацаанд МАН дангаар төр эрхийг барьснаар дээр хэвшмэл ойлголтыг улам батжихад хүргэж, иргэд цөөнх болсон улс төрийн нам хүчнүүдээс шударга ёсыг нэхсээр өнөөдрийг хүрсэн билээ.

Энэ асуудал УИХ дахь Ардчилсан намын бүлэгт яригдсаар ирсэн бөгөөд өчигдөр /2025.04.14/ болсон хуралдаанаараа "Эдийн засгийн эрх чөлөөг сэргээж, иргэдээ чинээлэг болгох" багц хуулийн шинэчлэлийг үе шаттайгаар хийх шийдвэр гарч ажлын хэсэг байгуулан ирэх долоо хоногоос ажиллаж эхлэхээр боллоо.

Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан эсэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хийсэн судалгааны дүгнэлтэд давхардсан орон тоог нэмэгдүүлэх, давхар цалин авах, давхардсан буюу үр ашиггүй бүтэц үүсгэх мэтийн олон асуудал байгааг дурджээ.

Энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, зарим давхардаад буй орон тоог алга болгох хуулиас давсан журмуудыг хүчингүй болгох ажлуудыг хийх санаачилгыг бүлэг дэмжсэн юм. Төрийг илүү үр ашигтай, сонирхлын зөрчилгүй, цомхон байдлаар энэ улс оронд дарамтгүйгээр ажиллуулдаг байхын тулд хэрхэн ажиллах нь Ардчилсан намын гол бодлого гэдгийг гишүүд онцолж байлаа. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд 42 гишүүнтэй Ардчилсан намын гишүүд нэн түрүүнд УИХ-ын Дэг, УИХ-ын зохион байгуулалтыг ард түмний төлөөлөл, хууль тогтоогчийнхоо хувьд УИХ нь УИХ шиг байх, чиг үүргээ оновчлох, зохион байгуулалтаа сайжруулах, дэгийг илүү ухаалаг болгох чиглэлээр хуулийн төсөл өргөн барих хэрэгцээ байгааг хүлээн зөвшөөрч дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Данхар төр

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд төр данхайж байна, нам дагнасан ажил албан тушаалын холио сэлгээ хийгдэж, төсвийн хөрөнгө мөнгөөр туйлж байгаа зэргээр иргэд олонтаа ярьж шүгэл үлээж байсан. Тэр ч утгаараа Ардчилсан намаас иргэд реформын шинж чанартай өөрчлөлт хийхийг хүсч хүлээдэг. Иргэдийн хүлээлт улс төрийн намын сонирхол, үүрэг нэг цэгт уягдаж энэхүү тогтолцооны шинж чанартай өөрчлөлтийг хууль эрх зүйг шинэчлэх замаар хийхийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан онцолж байлаа.

Тэрбээр “Нам энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Төрийн өмчит компаниуд дээр төсвийн хувьд ч тэр боловсон хүчин, хүний нөөцийн хувьд ч тэр тусдаа "Вант улс" үүсч байгаа асуудлыг бид ярьсаар ирсэн.

Сүүлийн байдлаар мэдээлэл авахад төрийн өмчит компаниудын нийт ажилтан, албан хаагчийн тоо 58 мянгад хүрсэн байна.

 Мэдээллийг компани тус бүрээр нягтлаад хаана, хэрхэн хэмнэлт хийж болох, аль байгууллагыг татан буулгаж, алинтай нь нэгтгэх ёстойг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийхийг зорьж байна. Тийм учраас Бүлэг дээр яригдсан эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэх багц хуулийн хүрээнд Төрийн өмчийн тухай хуульд реформ хийх шаардлагатай гэж үзсэн.

Мөн иргэд, аж ахуй нэгжид ирэх татварын дарамт нэмэгдсэн.

 Тухайлбал 2023-2024 онд ААН-ийн орлогын албан татварын улсын төсөвт бүрдүүлсэн хувь хэмжээ 2 дахин нэмэгдсэн байх жишээтэй.

 Энэ мэтээр хувийн хэвшил дээр байгаа дарамтыг хэрхэн яаж бууруулах талаар, ард иргэдийн өдөр тутмын амьдралыг хэрхэн сайжруулах талаар бодлогоо бодох цаг болж. Улс төрийн эрх чөлөө, хуулийн засаглалыг бэхжүүлэх болон эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэх чиглэлийн олон ажлууд хийгдэнэ гэж харж байна” хэмээн тодотгов.

ШИНЭ МЭДЭЭ