2025.04.15
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Хууль зүйн яаманд бодлогоо базаж ажиллахыг анхааруулъя

Хууль зүйн байнгын хорооны /2025.04.15/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Ажлын хэсгээс хууль зүйн дүгнэлт гаргуулъя гэдэг зарчмын саналыг дэмжиж байна. Гэхдээ ХЗ-н байнгын хороо энэ асуудалтай холбоотой нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Учир нь ЗГ-аас Зөвшөөрлийн хууль дагалдуулж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг парламентын байнгын хороо гүйцээж нөхөх байдал үүсч байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг хэлэлцэх эсэх асуудал ХЗ-н байнгын хороогоор ороогүй. Эрүүгийн хуулийн өөрчлөлт яригдаж байна. Б.Уянга гишүүн хэлж байна. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг УИХ-д оруулж ирж байгаа атлаа Улсын Дээд Шүүх, Прокурор, ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооноос санал аваагүй. ХЗДХЯ дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн асуудлаар байнгын ажлын хэсэг бий. Энэ ажлын хэсэг дээрээ яриагүй. ХЗДХЯ-ны санал байхгүй. Юу болж байна вэ? Эрүүгийн хуулийг дуртай яам нь хийдэг болчихсон юмуу? ХЗДХЯ бодлогоо баримаар байна. Эрүүгийн хууль орж ирж байхад гол ял шийтгэлийн бодлогоо хариуцаж байгаа яам нь боловсруулна. Зүгээр үзэл баримтлал батлаад хаячихдаг. Хэзээ ийм юм байсан юм? Эрүүгийн хууль Хууль зүйн яамаар орохгүйгээр орж ирсэн түүх би мэдэхгүй. Улсын Дээд Шүүх, Прокуророос орохгүйгээр орж ирснийг санахгүй байна. Шүүхийн хууль дээр эрүү, эрүүгийн процессийн хууль дээр МУ-ын Дээд Шүүхийн саналыг заавал авна гэсэн хуулийн заалт бий. Хуулийн заалт зөрчигдөж байна. Бодлогоо базаж ажилламаар байна. Байнгын хороон дээр Хууль зүйн сайдыг байлгамаар байна. Сайдгүйгээр хууль зүйн бодлого яриад суугаад байдаг. Хууль зүйн сайдад салбарынхаа бодлогыг барьж ажилла гэж анхааруулмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ