МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
2025.05.21
Эрүүл мэнд

НББХ: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн  Ж.Чинбүрэн тавьж, хуулийн төслүүдийн талаарх хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн  Ж.Чинбүрэн илтгэлдээ 2000 онд батлагдсан Донорын тухай хуулийн хэрэглээ, цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний түүх, цусны донорын хөдөлгөөн, түүнийг идэвхжүүлэх, донорыг урамшуулах, алдаршуулах бодлого хэрэгжүүлж ирсэн талаар товч танилцуулаад, Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй буюу 24-45 насны донорын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар хоёр дахин буурахаар байгааг танилцуулсан юм. Энэ цонх үе дунджаар 20 орчим жил үргэлжлэх тул цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасалдуулахгүй байх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцолж, ажлын хэсгийн судалгаагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн орон нутаг дахь цусны салбар төвийн орон тоо, цалин хөлстэй холбоотой хүндрэл, хүний нөөцийн тогтворгүй байдал, чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн нь тогтоогдсон талаар мэдээлэв.

Цусны донорын тухай хуулийн төслийг найман бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд хууль батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цаашид хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэх, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, цусны донорын сургалт, сурталчилгаа, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага тэдний эрх үүрэг тодорхой болох, донорын нийгмийн халамж, алдаршуулах, урамшуулах явдал сайжирч, тэдний тоо нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна гэдгийг дурдав.

Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хууль зүйн дүгнэлтдээ хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуульд нийцсэн эсэх, хуулийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн болон харилцан уялдсан эсэх талаар тодорхой дурдсан юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Цус сэлбэлт, судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цусны био бэлдмэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгоно гэж заасныг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13-т нэмж, хууль хоорондын нийцлийг хангах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлага шалгуур зэргийг тусгайлан зохицуулалтын тус тусгайлсан зохицуулалтыг тусгах, төслийн 6.1.7-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлын үзүүлэлтийг гаргах шалгуур үзүүлэлтэд энэ хуулийн 12.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэн байдлыг тусган дүгнэх” гэж, 11.2-т “Энэ зүйлийн 11.1-д заасан үйл ажиллагааг Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд оруулан тооцно” гэж тус тус заасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн цусны чанар, аюулгүй байдлыг хангах, төсвийн донорын үйл ажиллагаатай холбоотой журам зааврыг батлах эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн цахим төв байгууллагад олгосон зохицуулалтад хийдэл үүсэж болзошгүйг сануулж, Цусны төв нь цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын 12 чиг үүргээс наймыг нь давхардуулан гүйцэтгэхээр байгаа, тус байгууллага өөрийн орлогоор Эргэлтийн сан байгуулж, ашиглахаар заасныг Засгийн газрын тусгай сангийн тухай болон Төсвийн тухай хуультай нийцүүлэх шаардлагатай зэрэг дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Боловсролын ерөнхий хууль, Донорын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай болон Төрийн хяналт, шалгалтын тухай хуультай нийцүүлэх, төслийн хэсэг, заалтуудыг өөр хооронд нь уялдуулах, эх бичвэрийн агуулга, хэл зүй, найруулгыг сайжруулах талаар цөөнгүй асуудал байгааг Улсын Их Хурлын тамгын газрын хууль зүйн дүгнэлтэд дурдсан байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат цусны донорыг дэмжих талаар татварын хөнгөлөлт, урамшуулал болон орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагад дэмжлэг үзүүлэх, мөн доноруудыг эдгээр бодлогоор дэмжих асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Цусны төвийг шинээр байгуулах, эсэх, үүнд эдийн засгийн болон төсөв зардлын ямар үр дагавар байгааг асууж хариулт авсан юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тус төв одоо ажиллаж байгаа, шинэ бүтэц биш учир төсөв, зардал нэмж шаардахгүй гэсэн хариулт өгөв. Мөн ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр улсын хэмжээнд цусны 27 төв ажиллаж байгааг танилцуулж, эдгээр төвүүд эмнэлэгт түшиглэдэг бөгөөд цаашид цусны чанар аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын жишгийн дагуу нэгдсэн тогтолцоонд шилжих шаардлагатай гэлээ. Түүнчлэн цус сэлбэлт, судлалын салбар цаашид зардал, санхүүжилтийн одоогийн зохицуулалтаараа, улсын төсвийн санхүүжилт болон орлогоо нэмэгдүүлээд ажиллах боломжтой талаар Сангийн яамнаас тайлбар өгөв.

Цусны донорын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ