МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ: Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
2025.05.21
Эрүүл мэнд

НББХ: Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн дагуу тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тавьж, хуулийн төслүүдийн талаарх хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн илтгэлдээ 2000 онд батлагдсан Донорын тухай хуулийн хэрэглээ, цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний түүх, цусны донорын хөдөлгөөн, түүнийг идэвхжүүлэх, донорыг урамшуулах, алдаршуулах бодлого хэрэгжүүлж ирсэн талаар товч танилцуулаад, Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй буюу 24-45 насны донорын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар хоёр дахин буурахаар байгааг танилцуулсан юм. Энэ цонх үе дунджаар 20 орчим жил үргэлжлэх тул цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасалдуулахгүй байх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцолж, ажлын хэсгийн судалгаагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн орон нутаг дахь цусны салбар төвийн орон тоо, цалин хөлстэй холбоотой хүндрэл, хүний нөөцийн тогтворгүй байдал, чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн нь тогтоогдсон талаар мэдээлэв.

Цусны донорын тухай хуулийн төслийг найман бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд хууль батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цаашид хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэх, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, цусны донорын сургалт, сурталчилгаа, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага тэдний эрх үүрэг тодорхой болох, донорын нийгмийн халамж, алдаршуулах, урамшуулах явдал сайжирч, тэдний тоо нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна гэдгийг дурдав.

Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хууль зүйн дүгнэлтдээ хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуульд нийцсэн эсэх, хуулийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн болон харилцан уялдсан эсэх талаар тодорхой дурдсан юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Цус сэлбэлт, судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цусны био бэлдмэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгоно гэж заасныг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13-т нэмж, хууль хоорондын нийцлийг хангах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлага шалгуур зэргийг тусгайлан зохицуулалтын тус тусгайлсан зохицуулалтыг тусгах, төслийн 6.1.7-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлын үзүүлэлтийг гаргах шалгуур үзүүлэлтэд энэ хуулийн 12.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэн байдлыг тусган дүгнэх” гэж, 11.2-т “Энэ зүйлийн 11.1-д заасан үйл ажиллагааг Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд оруулан тооцно” гэж тус тус заасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн цусны чанар, аюулгүй байдлыг хангах, төсвийн донорын үйл ажиллагаатай холбоотой журам зааврыг батлах эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн цахим төв байгууллагад олгосон зохицуулалтад хийдэл үүсэж болзошгүйг сануулж, Цусны төв нь цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын 12 чиг үүргээс наймыг нь давхардуулан гүйцэтгэхээр байгаа, тус байгууллага өөрийн орлогоор Эргэлтийн сан байгуулж, ашиглахаар заасныг Засгийн газрын тусгай сангийн тухай болон Төсвийн тухай хуультай нийцүүлэх шаардлагатай зэрэг дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Боловсролын ерөнхий хууль, Донорын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай болон Төрийн хяналт, шалгалтын тухай хуультай нийцүүлэх, төслийн хэсэг, заалтуудыг өөр хооронд нь уялдуулах, эх бичвэрийн агуулга, хэл зүй, найруулгыг сайжруулах талаар цөөнгүй асуудал байгааг Улсын Их Хурлын тамгын газрын хууль зүйн дүгнэлтэд дурдсан байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат цусны донорыг дэмжих талаар татварын хөнгөлөлт, урамшуулал болон орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагад дэмжлэг үзүүлэх, мөн доноруудыг эдгээр бодлогоор дэмжих асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Цусны төвийг шинээр байгуулах, эсэх, үүнд эдийн засгийн болон төсөв зардлын ямар үр дагавар байгааг асууж хариулт авсан юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тус төв одоо ажиллаж байгаа, шинэ бүтэц биш учир төсөв, зардал нэмж шаардахгүй гэсэн хариулт өгөв. Мөн ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр улсын хэмжээнд цусны 27 төв ажиллаж байгааг танилцуулж, эдгээр төвүүд эмнэлэгт түшиглэдэг бөгөөд цаашид цусны чанар аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын жишгийн дагуу нэгдсэн тогтолцоонд шилжих шаардлагатай гэлээ. Түүнчлэн цус сэлбэлт, судлалын салбар цаашид зардал, санхүүжилтийн одоогийн зохицуулалтаараа, улсын төсвийн санхүүжилт болон орлогоо нэмэгдүүлээд ажиллах боломжтой талаар Сангийн яамнаас тайлбар өгөв.

Цусны донорын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Үүний дараа мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Өмнө хэлэлцсэн асуудлын нэгэн адил хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулав. 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын клиникийн төв эмнэлэгт амжилттай хийснээр манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээ нэвтэрч, улам өргөжин тэлж, эмчилгээний арга, хэлбэр, тоо, чанар зэрэг нь хөгжлийн шинэ шатад гарч буйг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн онцлоод, эд эс үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж байгааг тэмдэглэлээ. Хууль батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин бүрдэж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломж нээгдэхийн зэрэгцээ иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эмчилгээнд явах зардал чирэгдэл мэдэгдэхүйц багасах, энэ үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо бүрдэж, шинэ шатанд гарах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо бий болох, Үндэсний төв байгуулагдах амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаарх бодлого, зохицуулалт төгөлдөржин, нэгдсэн сүлжээ, тогтолцоо бүрдэн хөгжиж, эмчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн хууль зүйн дүгнэлтэд мөнхүү Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон холбогдох бусад хуульд нийцүүлэх, төслийн хэсэг, зүйл, заалтыг өөр хооронд уялдуулж, зөрчлийг арилгах шаардлага байгааг нэг бүрчлэн дурдсан байна. Төслийн нийт 26 зүйл, заалтад бусад хуультай нийцүүлэх, өөр хоорондын уялдааг хангах, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан агуулга, үг хэллэг, найруулгын шаардлагад нийцүүлэх шаардлага байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур дурдаж, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зургаан заалтад сайжруулалт хийх нь зүйтэй гэж дүгнэснийг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, М.Сарнай, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах үүднээс төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эмнэлгийн ажилтнуудын санамсаргүй болон санаандгүй алдаанд ял, шийтгэл оногдуулахгүй гэсэн олон улсын зарчмыг хуулийн төсөлд тусгах, мөн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд тавигдах хөндлөнгийн хяналтын тогтолцоо чухал болохыг онцолж, донор, түүний гэр бүл, мөн шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэж байгаа баг, эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд бүрэн тусгагдсан байх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр эд, эрхтэн авч чадахгүйгээр амь эрсдэж байгаа хүмүүс болон үүнд эрх зүйн ямар зохицуулалт илүүтэй нөлөөлж, эд, эрхтэн авах боломжийг хааж байгааг асууж, хариулт авсан юм.

Хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн түүний асуултад өгсөн хариултдаа эрхтэн шилжүүлэн суулгах чадамжтай эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас томоохон дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг даадаг болсонтой холбоотойгоор энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний хөгжил ихээхэн урагшилж байгааг дурдаад, нийгэмд буруу ойлголт бий болсноос болж сүүлийн нэг жилийн хугацаанд амьгүй донорын ар гэртэй ямар нэгэн хэлэлцээ хийж, эрхтэн авч чадахгүй байдалтай байгааг өгүүлэв. Энэ нь эрх зүйн зохицуулалтыг нэн даруй бий болгох шаардлагыг үүсгэж байна гэлээ. Хуулийн төсөлд Мэргэжлийн ёс зүйн хороо ажиллахаар заасан бөгөөд энэ нь тус салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд томоохон хамгаалалт болохын зэрэгцээ гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх ач холбогдолтой тэрбээр онцоллоо. Хууль гарахыг хүлээж байгаа 1044 гаруй иргэд байгааг ажлын хэсгийн мэргэжилтнүүд тодотгож, олон хүний амь насыг аврах боломж бүрдэнэ гэдгийг тухайн тэмдэглэж байлаа. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн зөвхөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт л гэхэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа 430 хүн байгааг мэдээлээд, тархины үхэлтэй донор хүлээж, авч чадалгүй нас барсан хүний тоо одоогийн байдлаар 31 байна гэсэн юм. Мөн сүүлийн нэг жилд тархины үхэлтэй донор нэг ч гараагүйг тэрбээр дурдаж, ялангуяа элгийг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ байхгүй гэдгийг тайлбарлаж, нас баралт нэмэгдэх хандлагатай болсон нь тулгамдсан асуудал болж байгааг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нийгэмд багагүй талцал хуваагдал, бас нэлээд асуудал үүсгэсэн энэ хуулийн төсөлд анхааралтай, хянамгай хандаж, хүний эрхийг хангах талаас нь болзошгүй эрсдэлүүдийг сайтар харж шийдвэрлэх шаардлагатайг хэлж, хүүхдээс ясны хэм, хүйн цус, захын цус авах, зэрэг томьёоллыг нарийвчлан тайлбарлах, Донорын тухай хуульд заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр ясны хэм, чөмөг авхуулж байгаа 14-өөс доош насны хүүхдүүд хэр олон байгаа, хүүхдээс авч болохгүй эрхтэн, эд, эс, тийм тохиолдол хуулийн төсөлд тусгагдсан эсэхийг асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн мэргэжлийн үг хэллэгийн талаар тодорхой тайлбарлаж, хүйн цус, захын цуснаас бусдыг хүүхдээс авч болохгүй гэж зохицуулж буй гэдгийг онцолж, хүүхдийн эрхийг зөрчих зүйл, заалт хуулийн төсөлд байхгүй гэж хариулсан юм. Мөн хуулийн төсөлд амьгүй донор насны хязгаарыг байхгүй болгосон гэдгийг тодотгов. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Сарнай хохирогч, хохироогчтой доноруудын талаар, уг асуудлыг хариуцсан шинэ бүтэц байгуулах эсэх талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэн, хэнээс эрхтэн авах вэ гэдгийг урьдчилж мэдэх боломжгүй, аль эмнэлэгт хэзээ, ямар эрхтэн авах тухай мэдээлэл нууц, далд байдаг тогтолцоотой тул хүний амь хохироох замаар амьгүй донор бий болгох боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Энэ нууцлалыг дээд зэргээр хамгаалж, хүний наймаанаас сэргийлэх, Станбулын декларацыг хэрэгжүүлэх нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулдаг албаны үндсэн чиг үүрэг болохыг тэрбээр онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан хуулийн төсөлтэй холбогдуулан Сангийн болон Эрүүл мэндийн яамдаас ямар санал өгснийг асуув. Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ хуулийн төслийн төсвийн нөлөөлөл бүхий зохицуулалт нь агентлаг байх тухай заалт болохыг дурдаж, 35 орон тоотой агентлагийн үйл ажиллагааны жилийн зардал нь 1,9 тэрбум байхаар дагалдах тооцоолол ирүүлснийг бид дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн гэсэн бол Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Одгэрэл хуулийн төсөлд санал өгөөгүй гэсэн хариулт өгөв.

Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Х.Болормаа, Д.Үүрийнтуяа нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хүүхдийн эрх, эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй зүйл, заалт орох тохиолдолд дэмжих боломжгүй гэдгийг анхааруулж, хүүхдийн эрхтэн, эд, эсийг ашиглахыг хориглох зохицуулалтыг тов тодорхой тусгах шаардлагатайг зөвлөсөн юм.

Ингээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ