МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жаргалан: Бүх шатны шийдвэр гаргах түвшинг эмэгтэйчүүдийн төлөөллөөр хангах нь төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн боломжит арга зам мөн
2025.05.21
Улстөр

Б.Жаргалан: Бүх шатны шийдвэр гаргах түвшинг эмэгтэйчүүдийн төлөөллөөр хангах нь төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн боломжит арга зам мөн

Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум 9 дүүргийн 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Бид эмэгтэйчүүд” орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож илтгэл тавилаа.

Тэрбээр "32 эмэгтэй гишүүнтэй энэ удаагийн парламентын түүхэн үүрэг бол орон нутгийн сонгуульд хувь тэнцүүлэх тогтолцоог нэвтрүүлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эмэгтэйчүүдийн квотыг эрс дээшлүүлж, хуульчилж өгөх явдал юм. Бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангана гэдэг ардчиллыг гүнзгийрүүлэх, иргэдийн оролцоо, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн боломжит арга зам мөн. Мөн Улс төрийн намын тухай хууль энэ жилээс мөрдөгдөж эхэлж байна, тиймээс намууд дор бүрнээ дүрмээ шинэчилж байгаа энэ цаг мөчид анхан болон дунд шатны намын байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр дорвитой шинэчлэл хийхийг зорьж байгаа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ