МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“УЛААНБААТАР ОПЕН” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
2025.05.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“УЛААНБААТАР ОПЕН” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болов.Нээлтэд олимпын хошой аварга, ДАШТ-ий зургаан алтан медальт тамирчин Сергей Белоглазов, “Монреаль-1976” олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Павел Пинигин, “Сөүл-1988” олимпын аварга Хан Мён-Ву, дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт З.Ойдов, “Мехико-1968” олимпын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга Б.Болд, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, дархан аварга Г.Өсөхбаяр, “Сөүл-1988” олимпын алтан шүгэл шагналын эзэн, зууны манлай шүүгч А.Басхүү, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, тэмцээний Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын хүндэт зочид оролцлоо.

Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй бөх зодоглож байна.
МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чансааны оноо олгох нэр хүндтэй “Улаанбаатар опен” тэмцээнийг Монгол Улсын нийслэл хотноо энэ жилээс эхлэн гурван жилийн хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Олимпын мөчлөгийн эхлэл чухал тэмцээн учир ирэх жилүүдэд гялалзах залуу авьяастан, шилдэг тамирчид манай улсад чуулж байна” хэмээн онцлов.

Мөн Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Намакос Теодорос энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээж авсан Монголын чөлөөт бөхийн холбоо болон бусад албаны хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж, тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ