
Х.Тэмүүжин: Парламентыг муухай харагдуулах сонирхол дотроос биш гаднаас явж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвүүдээр товч ярилцлаа.
-АН Засгийн газраас гарлаа гэхэд үлдсэн Засгийн газрын хамтралыг та юу гэж дүгнэх вэ. Танай нам сөрөг хүчний ажлаа жинхэнэ утгаар хийж хариу барина гээд яриад байгаа. ЗГ-аас парламент руу оруулах хууль, тогтоолын батлагдахал хүндрэлтэй болно гэх зэргээр олон яриа өрнөж буй?
-Засагт хамтарч байгаа хүмүүс УИХ-д болон олон нийтэд тэр шийдвэрээ хадгалж авч үлдэх эсвэл өөрсдийнхөө зөв гэж бодож байгаа бодлогын хувилбаруудыг давж гарахын тулд яах вэ гэдгээ бодох ёстой болно.
-АН-ын бүлгийн 42 гишүүн нэгдсэн нэг байр суурьтай асуудалд хандана-
-Танай намын 42 гишүүнтэй парламентын бүлэг Ерөнхий сайдыг асуудлаа УИХ-д оруулж ирэхгүй удвал огцруулах агуулга бүхий санаачилгыг гаргаж, зарим гишүүд гарын үсэг хүртэл зурсан гэх мэдээлэл бий. Ерөнхий сайд өөртөө итгэл хүлээлгэх тогтоолоо УИХ-д хүргүүлсэнтэй холбоотойгоор цаашид хэрхэх бол?
-Тухайн гарын үсэг нь Ерөнхий сайдыг огцруулах тухай биш. Ардчилсан нам парламентад 42 суудалтай намын хувьд 32 гишүүний гарыг үсгээр энэ асуудлыг оруулах боломжтой гэдэг санал бүлгийн хуралдаанд яригдаж байсан тухай би өмнө нь хэлж байсан. Одоо яваа зүйлийн утга нь Ардчилсан нам нэг байр суурьтай асуудалд хандана буюу манай бүлгийн 42 гишүүн хуваагдаж биш энэ тэнд худалдагдсан мэт задарч биш нэг шийдвэр гаргаад түүндээ тууштай байр суурьтай байна гэсэн үг. Тухайн шийдвэрийг гаргахдаа бүгд хуралдаж хэлэлцдэг байх гэсэн зарчим барьж байгаа.
-Төрийн эрх мэдлийг хэн нэгэнд удаан хугацаагаар атгуулах нөхцлийг Үндсэн хуульд хийж болохгүй-
-Одоогийн өрнөөд байгаа процессыг гүйцэтгэх засаглалын хямрал гэж ярих ч нөгөө талд Ерөнхийлөгчийн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн санаархал МАН дотор хүчтэй өрнөж байна гэх агуулга яригдаж буй. Та сөрөг хүчний гишүүний хувьд ямар өнцгөөс нь харж байгаа вэ?
-Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед АТГ, ТАЗ-ийг байгуулсан байдаг. ТАЗ-өөр төрийн албанд хэн байхыг шийдэх гэж оролдсон. АТГ-ыг байгуулаад даргыг нь өөрөө томилдог системийнхээ үр дүнд улстөрчдийн хэн нь улс төрд байх, байхгүйг шийдэх хэмжээнд хүртлээ хаан болох гэж оролдсон байдаг. Гэхдээ зөвхөн зэвсгээ угсраад бүрэн ашиглаж амжилгүйгээр Ерөнхийлөгчийн сонгууль болоод Ц.Элбэгдоржид суудлаа алдсан. Харамсалтай нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод найман жил болохдоо нөгөө зэвсгийг нь төгс ашигласан. Түүний дараа Х.Баттулга болсон. Х.Баттулга бас л төгс хэрэгжүүлсэн. Дараагийн хүн нь өнөөдөр яг адилхан байна.
Энэ нь аль намын хэн байхаас үл шалтгаалаад Ерөнхийлөгчийн институт нь өөрөө ийм болчхоод байгаа юм. Ийм институтийг өөрчлөхийн тулд дараагийн удаад ярилцах ёстой л сэдэв. Энэ удаа өөрчлөлт хийх нь дарангуйлал тогтохоос хамгаалах гэхээс илүү эрх мэдлийг хэн нэгэнд удаан хугацаагаар хадгалж үлдээх сонирхол руу явчих вий гэсэн болгоомжлол байна.
Та бүхэн анзаарсан бол хуучин Ерөнхийлөгч байсан болон Үндсэн хуулийн чиглэлээр ажилладаг УИХ-ын дарга болон Засгийн газрын тэргүүн байсан хүмүүсийн дунд энэ яриа маш хүчтэй яригдаж байгаа. Одоо байгаа Ерөнхийлөгчийг энэ яриагаараа маш сайхан бүүвэйлж байна. Тэгэхээр энэ нь өөрөө нэг хүний бодол биш. Нэг хэсэг хүмүүсийн социализмын үеийн тогтвортой, удаан хугацаанд ойлгомжтой, сайхан харилцаатай байж байвал нэг удирдагч аюулгүй байдлыг нь хангадаг гэдэг энэ зуршил өөрөө буцаж амилах гээд байгаа юм. Залуучуудад энэ санаа бодол бараг зүүд байх. Боломжгүй шүү дээ гэж ч ярих байх. Гэтэл эрх мэдэлд байсан түүхээ үлдээчихсэн хүмүүс тэр түүхээ хойч үедээ авчирч буцаж ирэх гэж байна. Х.Тэмүүжин хий хоосон зүйл хардаж яриад байна гэсэн хандлага маш олон хүмүүсийн ярианаас цухалзаад л байгаа. Гэвч хий хоосон зүйл биш. Учир нь өөрсдөө хийж чадаагүй зүйлсээ одоо байгаа хүнээр хийлгэчих юмсан гэсэн бодолтой явж байгаа нь надад анзаарагддаг.
-Төрийн том гурван институтийн нэг нь Ерөнхий сайдад хамаарч буй. Одоо үүсээд байгаа нөхцлийг харахаар Ерөнхий сайдын хувьд хувийн асуудлаа дангаараа шийдвэрлээд явах гэхээс илүү намын аппаратаа татаж оролцуулж, асуудлыг намын хэмжээндээ томруулсаар сүүлдээ илтгэл хүлээлгэх тогтоол УИХ руу оруулж, парламентын босгыг давж яригдах хэмжээнд хүргэж байгааг юу гэж харж байгаа вэ?
-Парламентыг муухай харагдуулах, Монгол Улсад парламент зохихгүй байна гэж ойлгуулах сонирхол дотроосоо гэхээс илүү гаднаас байнга явж байдаг.
ШИНЭ МЭДЭЭ
