Борын

Өлзийбат

Албан тушаал
D.Parliament цахим платформийг санаачлагч, “Иргэн та хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч
Мэргэжил
Бизнесийн удирдлага
Салбар
Улстөр
Туршлага
13 жил
Б.Өлзийбат: Төр хувийн хэвшлийн түншлэлийг хамтдаа бодитоор хэрэгжүүлэх түүхэн шинэ зам гарч байна
2025.06.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Б.Өлзийбат: Төр хувийн хэвшлийн түншлэлийг хамтдаа бодитоор хэрэгжүүлэх түүхэн шинэ зам гарч байна

Өнгөрөгч Баасан гарагт /2025.06.13/ Монголын Барилгачдын холбоодын төлөөллүүд НЗДТГ-ын удирдлагуудтай уулзлаа.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-д нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаар дөрвөн багц тендерийг зарлахаар төлөвлөсөн. Ийнхүү эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ хамтран нийслэлийн удирдлагуудад уг төслийн тендерт монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлж, зөвшилцөх уулзалтыг зохион байгуулсаар байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай  барилгын холбоодын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны зүгээс уг төслийн тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон, урьдчилгаа төлбөр олгохоор тусгаснаас гадна тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа тул хэсэгчлэн хувааж зарлах боломжтой эсэх талаар саналаа илэрхийлсэн юм.

Монголын Барилгачдын нэгдсэн холбооны Дэд Ерөнхийлөгч Б.Өлзийбат энэ тухайд, Өнгөрсөн цаг хугацаанд өсөж өндийсөн аж ахуй нэгжүүдийн олж авсан туршлага, цэгцрэх гэсэн хичээл зүтгэл, хөдөлмөрийг юу ч үгүй болгож байгаагаа төрийн мэдэх ёстой. Үндэсний эрх ашиг ямагт нэгдүгээрт! Монгол Улсын шинэ цагийн барилгын салбар үүсэж хөгжөөд 100 жил болж, бид бүхэн өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтыг хийж байна. Хууль угтаа хүмүүсийн төлөө байх учиртай ч зарим хариуцлагагүй албан тушаалтангууд үгүй гэж хэлэхийн төлөө хуулийг ашиглаж ажиллах үе гараад байгааг мэдсээр байж зүгээр байж болохгүй! Зөвшилцөх, хэлэлцэх хамгаас чухал. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хамтдаа бодитоор хэрэгжүүлэх түүхэн шинэ зам!

Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн зүгээс нэмүү өртгийг эх орондоо үлдээх, монгол ажилчдаа дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч хэд хэдэн компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Мөн өмнөх уулзалтаар мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэг дөрвөн чиглэлээр Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран ажиллахаар болсон. Уг ажилд бусад холбоод нэгдэн, хамтран ажиллах боломжтой” гэв.

Түүнчлэн Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ нэгдэн, нэгдсэн саналаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлэхийг хүслээ.

Монголын барилгачдын зүгээс 2025 оны 4-р сарын 28-нд эхлүүлсэн Үндэсний эрх ашгаа хамгаалах 100 мянган барилгачдын тэмцэл үр дүн гартал тэмцэх болно гэдгээ илэрхийллээ

ШИНЭ МЭДЭЭ