
Д.Үүрийнтуяа: Судалгаанд суурилсан бодлогоор хүн амын өсөлтийг дэмжинэ
Гэр бүл гэдэг нийгмийн жижиг нэгж. Манай улс хүн ам зүйн асуудлаа онцгойлон авч үзэхгүй л бол хүн амын өсөлтийн хурд жил ирэх тусам буурч байгааг олон төрлийн судалгаанаас харж болно. Үүний нөлөө одоогоос 20-30 жилийн дараа гарч манай улс ажиллах хүчгүй болох хэмжээнд хүрэх эрсдэл бий. Тухайлбал, хүн амын өсөлт 2023 онд 1.3%, 2024 оны жилийн эцсээр 1.1%болж ганцхан жилийн дотор 0.3 нэгжээр буурлаа.
Дэлхийн улс орнууд хүн амынхаа өсөлтийг дэмжихийн тулд гурван үндсэн дэмжлэгийн бодлого хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, хүүхэд төрүүлэх, өсгөх боломжийг нь олгохын тулд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг нь сайжруулах алхмуудыг хийж буй. Тухайлбал, олон хүүхэдтэй гэр бүлд татварын дэмжлэг үзүүлэх, эсвэл мөнгөн тусламж дэмжлэг олгодог жишиг бий. Хүүхэд 0-18 хүртэлх аль насандаа хамгийн өндөр зардалтай байна, үүнтэй уялдуулан тухайн насны бүлэгт тохирсон дэмжлэгүүдийг олгох ёстой гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, механикийн зохицуулалтуудыг хийж өгдөг. Тухайлбал, хүүхдээ харах боломжоор нь хангаж, ажлын цагийг бууруулж, хөнгөлөлт олгодог. Энэ нь манай улсын хууль, тогтоомжид ч бий. Цахим технологи хөгжчихсөн энэ үед онлайнаар ажиллах боломжийг нь бүрдүүлэх, ажлын цагийг нь хөнгөвчлөх, ажлын нөхцөлийг нь өөрчлөх гэх мэтчилэн зохицуулалтын механизм олон бий. Дан ганц мөнгөн дэмжлэг гэхээс илүүтэй зохицуулалтаар дэмждэг. Хүүхдээ харах боломжийг аавуудад олгох, жирэмсний амралт авсан ээжүүд ажилдаа эргээд ороход аав нь хүүхдээ хардаг байх зэргээр зохицуулалтын механизмаар дэмждэг туршлага бий.
Гуравдугаарт, мотиваци өгөх буюу сэдэлжүүлэх, оюун санаанд нь өөрчлөлт хийх замаар нөлөөлөх оролдлогуудыг хийдэг. Нэг үгээр хэлбэл, олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн давуу талуудыг харуулах замаар нийгэмд зөв, эерэг мессэж өгөх контент хийдэг. Энэ нь ч эерэг нөлөөтэй гэж дэлхийн улс орнуудад үздэг аж.
Нөгөө талдаа олон хүүхэд төрүүлсөн эхийг урамшуулдаг, алдаршуулдаг манай улсын тогтолцоо, механизмыг хэрэглэдэг. Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хууль анх 1957 онд батлагдаж байсан түүхтэй. Энэ хууль хагас зуун жилийн түүхтэй манай улсын ууган хуулиудын нэг. Уг хуульд маш цөөхөн өөрчлөлт оруулахдаа тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан өөрчлөлтүүдийг л оруулж байсан. 1990-ээд оныг хүртэлх энэ хуулийн хэрэгжилтийг дүгнэхэд уг хууль үүргээ гүйцэтгэж чадсан. Нэг ёсондоо, Монгол Улс нэг сая байхаас 3.5 сая иргэнтэй болох хүртэл энэ хуулийн үр нөлөө өндөр байсан гэж дүгнэж болохоор байна.
Тодруулбал, төрөлтийн нийлбэр коэффициент 2.5 байна. Энэ нь монгол эмэгтэй хүн дунджаар 2-3 хүүхэд төрүүлж байна гэсэнтэй агаар нэг. Манай ажлын хэсгийнхэн төр засгийн бодлого шийдвэр гэр бүлийг дэмжих, тэр тусмаа олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих, хүн ам зүйн бодлогыг зөв авч явах, хүн амын өсөлтийг дэмжих, хүн амын насны суварга, бүтцийг эрүүл зөв байлгах тал дээр цогц бодлого, арга хэмжээ шаардлагатай байна гэсэн урьдчилсан дүгнэлтүүдийг гаргаад байна.
Иймээс Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын гишүүд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.