Б.Энхбаяр:Чиг үүргээр нь ангилж заагласны чухал үр дүн бол авлига, хээл хахууль, хулгай цэгцэрнэ
УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Энэ хуулийн төслийн хэлэлцэх хэсгийг бол дэмжиж байгаа. Намтар түүх их арвинтай тулгамдсан асуудал ихтэй. Асуудал яривал мянган асуудалтай. Зөрчил яривал мянган зөрчил дотор нь байгаа ийм эрх зүйн шинэчлэл.
Нэгдүгээрт, бид нар 1992 онд Шинэ Үндсэн хуулиа батлаад чөлөөт зах зээлийн эдийн засгийн замыг сонгоод, ардчилсан замыг сонгоод 33 жилийг замнасан байгаа юм. 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг батлаад. Тухайн үед 100% социалист өмч байсан төрийн өмчүүдийг хувьчлах хуулийг гаргасан юм. Хувьчлах хуулиар 30 жил явчихсан. Нийтийн өмч гэж яриад байгаа энэ асуудал чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд хувийн эрх зүйн харилцаа гэж яриад байгаа. Энэ бол тэгш эрхийн харилцааны зарчим үйлчилдэг. Ийм зах зээлийн эдийн засаг дээр нөгөө төрийн өмч маань давамгайлсан эрх зүйн орчинтой явчихсан. Төр ер нь монопол учраас сүүлдээ үйлдвэр аж ахуйн газруудаасаа халиад. Амралт сувиллын газрууд, спорт заалнууд, эмийн сан хүртэл байгаа. Орон нутгийн өмчид 5 эмийн сан байгаа. Сая манай Х.Булгантуяа гишүүн хэлж байна. Хөвсгөлд худалдааны зах хүртэл орон нутгийн өмчөөр байгуулчихсан. Мөн байгалийн баялаг нийт ард түмний мэдэлд байна гэсэн. Тэр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөс гажаад байгалийн баялгийг орон нутгийн өмчүүд өмчилдөг болчихсон. Өөрөөр хэлбэл бид энэ эрх зүйн реформыг Үндсэн хуульдаа нийцүүлэх чиглэлээр боловсруулсан. Энэ эрх зүйн шинэчлэл батлагдах юм бол одоо байгаа энэ төрийн болон орон нутгийн өмчийн янз бүрийн байгууллагуудын тал нь байхгүй болно. Ер нь голдиролдоо орно. Бид нар чөлөөт зах зээлийн эдийн засаг руугаа орно. Төр хийх ёстой тэр чиг үүргээ л хэрэгжүүлнэ. Учир нь 2021 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хуулийг батлахдаа төв Засгийн газар болон орон нутгийг чиг үүргээр нь ангилчихсан. Одоо энэ нийтийн өмчийн хууль яаж орж ирж байгаа вэ гэхээр. Өмчийн хэсэг нь зөвхөн хуульд заасан чиг үүргийн хүрээнд л төрийн юм уу, компани юм уу, орон нутгийн өмчийн этгээд юм уу, тэр нь байгуулагдана. Тэрэнд нийцэхгүй байгаа бүх хуулийн этгээдүүд татан буугдана. Тийм учраас бид асуудлыг голдирол руу нь оруулах гэж байгаа юм. Нөгөө талаасаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд тухайн үед төрд хэн дарга байна. Тэр нь төрийн өмчийг хувийн өмч мэт захиран зарцуулдаг байсан. Энэ тоглоомын дүрмийг бид өөрчлөх гэж байгаа. Жишээлбэл манай нийт ард түмний төлөөллийн төв байгууллага УИХ. УИХ-д улсын төсвөөс 3 дахин их төрийн өмчийн компаниудын асуудал ерөөсөө орж ирдэггүй. Энэ хууль батлагдах юм бол ард түмний төлөөллийн төв байгууллага. Ард түмний нэрийн өмнөөс ард түмний байгалийн баялгийн менежмент дээр шийдвэр гаргалтууд хийж эхэлнэ. Үүнийг компанийн захирал юм уу ТУЗ-ийн хэдэн гишүүд шийдэж байгаа. Чиг үүргээр нь ангилж заагласны чухал үр дүн бол авлига, хээл хахууль, хулгай цэгцэрнэ.
ШИНЭ МЭДЭЭ






