МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Халзан бүрэгтэй” ордтой холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Б.Баярбаатар гишүүн даргална
2025.07.08
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

“Халзан бүрэгтэй” ордтой холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Б.Баярбаатар гишүүн даргална

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголыг ирэх 2025.09.10-ны  өдөр зохион байгуулахаар ЭЗБХ, БОХХААБХ-ны 2025.07.08-ны өдрийн хуралдаанаар тов гарсан юм. 

“Халзан бүрэгтэй” ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй мэдээллээс харахад тус ордын Бор толгой нэртэй 106.66 га талбайд MV-019329 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК-д, Ар хүрэн нэртэй 91.39 га талбайд MV-012335 дугаартай, Халзан бүрэгтэй нэртэй 175.24 га талбайд МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Монголиа нэшнл рийр ийрт корп" ХХК-д тус тус олгожээ. Тус орд Лантан (La), Церий (Се). Иттри (У), Диспрози (Dy), Неодим (Nd) зэрэг газрын ховор элемент агуулсан 5.0 сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа. Нэг тонн газрын ховор элементийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 10,000 орчим шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгарахын зэрэгцээ 70-100 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй цацраг идэвхт хаягдал тухайн орчинд үлддэг гэх мэдээлэл цацагдаад байна.

Олборлолт хийж эхэлбэл цацрагт идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль, экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж нутгийн иргэд эсэргүүцэж, хурцадмал байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.Иймд тус ордыг ашиглахтай холбоотойгоор иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй гэж байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ