2025.07.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Р.Батболд: Хувь хүнийг яаж хамгаалах вэ?
УИХ-ын чуулганы /2025.07.08/-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Энэ хуулийн шинэчлэлээр бол нийслэл хувийн хэвшилтэйгээ л өрсөлдөх юмыг хуульд оруулаад явчхаад байна л гэж харж байгаа. Өмнөх хуралд болон хэлэлцүүлэг дээр асуусан. Яагаад ингэж байна гэхээр. Сангийн эх үүсвэр нь чөлөөлсөн газар дээрээ орон сууц бариад тэрнийхээ худалдан борлуулсан орлогоос бүрдэнэ гэчхээд байгаа юм. Тэгэхээр хувийн хэвшилтэйгээ л өрсөлдөөд явна. Байшин бариад зарна гэдгээ хуульчлаад, баталгаажуулаад авчихлаа гэж бодоод байгаа юм. Такси үйлчилгээн дээр ч гэсэн иймэрхүү юм гараад ирэх юм шиг байна. Цахим хяналтад орохоор хувь хүний маршрут, өглөө хэдэн цагт гардаг, яадаг ийдэг, ийм юман дээр асуудал үүсэх үү? Хувь хүнийг яаж хамгаалах вэ? Камерын бичлэг хийгээд байгаа газар маань бичлэгээ яаж баталгаажуулах юм. Хэн нэг нь Эй Ай-аар ч юм уу дүрс бичлэг хийгээд хувь хүний нэр хүндэд халдаад явж байсан шүү дээ. Ер нь яаж хамгаалах юм бэ гэдэг талаар асууя. Энэ дээр ер нь бодсон юм байгаа юу?
Түүний асуултад, Нийслэл хотын засан дарга Х.Нямбаатар хариуллаа.