
МОНГОЛ, ОХУ-ЫН ХАМТАРСАН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ
Монгол, Оросын хамтарсан Өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад нээлтээ хийлээ. Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд онцгой ач холбогдол өгч буй тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, тус комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, нар оролцож, үг хэлэв.
Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү олимпиад нь хоёр орны найрсаг харилцаа, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх алхам бөгөөд геологийн чиглэлээр мэргэших ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг албаныхан онцлон тэмдэглэв.
Олимпиадад оролцогчид геологийн зураглал, палеонтологи, минералоги, аюулгүй ажиллагааны үндэс зэрэг нарийн мэргэжлийн төрлөөр өрсөлдөхийн зэрэгцээ ширээний теннис, шатар, гар зургийн төрөлд авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн нь өсвөрийн геологичдод харилцан танилцах, туршлага солилцох, мэргэжлийн чиг баримжаа авах боломжийг олгож, ирээдүйд шинжлэх ухаанд итгэх сэтгэлтэй олон геологич, инженер, эрдэмтэд төрөн гарах суурийг тавьж буйг нээлтийн үгэнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцолсон юм.
Олимпиадын нээлтэд Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гадаад харилцааны яамны төлөөлөгчид болон бусад холбогдох албаныхан, Оросын талаас Элчин сайдын яам, Байгалийн нөөц, экологийн яам, Газрын хэвлийн ашиглалтын агентлагийн дэд дарга Г.А.Асламбек тэргүүтэй төлөөлөгчид, уралдааны шүүгчид, ивээн тэтгэгчид зэрэг нийт 200 гаруй хүн оролцож байна.
ШИНЭ МЭДЭЭ



