МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Түвшин: Урсгал зардлаа 15 их наядаас гаргахгүй байж хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ

УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Түвшин гишүүн байр сууриа илэрхийллээ.

Бид сүүлийн 5 жилийн хугацаанд дандаа өсөлтийн эдийн засагтай явсан. Жил болгон маш их мөнгө зардаг. Жил болгон төсөв өсдөг. Гэтэл нөгөө талдаа ард иргэд улам бүсээ чангалж, ААН-үүд улам их татвар, даатгалын өрөнд орж явдаг. Үүний цаана эдийн засаг бүхэлдээ төрийн гэдэг нэрийн доор мөнгө цуглуулаад тэрийг тараадаг. Ийм хэлбэрт шилжиж харагдаад байна. Тэгээд бид төсвөө хараад баярлаад явдаг. Төсвийн зарцуулалт маань нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөг үнэлдэггүй. Жишээ нь өмнө жил болон 3 жилийн өмнөх ч байсан инфляц, ханшийн өөрчлөлтөд нөлөөлж байдаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд уул уурхайн баялгуудын үнэ өсөж ирсэн. Үүнийг дагаад эдийн засаг өсөж байна гэж нэрлээд орлого, зарлагаа нэмэгдүүлээд явсан. Төсвийн тодотголоор орж ирж байгаа зардлууд дээр ч сүүлдээ хасах юмгүй болсон. Бөөн юм болж байж л 2 их наяд гаруй төгрөг хасаж байх шиг байна. Одоо энэ төсвийн нэг бүрчлэн зарлагыг эдийн засгийн үр өгөөжтэй байлгах тал дээр Сангийн яам анхаарч, төсөв баталж байгаа гишүүд бас ширхэг мөнгө дээр хүртэл нийгэм эдийн засагт хэрэгтэй юу үгүй юу гэдгийг үр дүнгээр гаргахгүй бол яаж ч төсөв нэмэгдсэн гарын салаагаар урсаж байгаа юм шиг үр ашиггүй болоод байна. Энэ нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд харагдаж байна. Нүүрсний үнэ хагас жилийн хугацаанд унах зэрэгт бүх юмаа танадаг, хасдаг, хямралын байдал руу ордог.  Тэнцвэржүүлсэн үнийн асуудал дээр хийж нөөцөө үр ашигтай байршуулж хэлбэлзлээс үл хамаарах хэмжээний урсгал зардлаа тогтоох шаардлагатай байгаа. Миний харж байгаагаар урсгал зардлаа 15 их наядаас гаргахгүй байж хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Ер нь урсгал зардлыг хэд хавьцаа байлгаж тогтворжуулах вэ? Уул уурхайн бүтээгдэхүүний хэлбэлзлээс хамаараад байхгүйгээр тогтвортой явуулаад уул уурхайгаас оруулж ирж байгаа илүүдэл ашгаа хөрөнгө оруулалт, баялгийн сан эсвэл дараа дараагийн тогтворжилтын санд явуулах зохистой харьцаа гэж байгаа. Энэ зохистой харьцааны талаар тоо хэлж тайлбарлаж өгнө үү?

 Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ