2012.10.17
Эдийн засаг, Худалдаа

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг хохиролгүй болгоно гэж Ерөнхий сайд хэллээ

Долоон жил өнгөрсөн ч бүрэн шийдэгдээгүй ужгирсан хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр уулзаж ярилцлаа.

Хадгаламж зээлийн хоршоод дампуурлаа гэсэн нэрийн дор хоршоодын хамаг хөрөнгийг төр хурааж авсан. Хурааж авсан эдгээр хөрөнгө дунд газар, лиценз, байшин, барилга гэхчлэн үл хөдлөх хөрөнгүүд байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр хөрөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Ийм учраас төрөөс хохирлоо нэхэмжилж байгаа юм гэдгээ хохирогчид ярьж байна.

УИХ-аас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийг 2007 онд баталж, Засгийн газар хохирлыг барагдуулах журам тогтоосон. Энэ хүрээнд өнгөрөгч онуудад төсвөөс 36 орчим тэрбум төгрөг гарч 7397 хохирогчдод олгосон бөгөөд үлдсэн хохирлоо ирэх оны төсвийн төсөлд суулгуулж авах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ хохиролгүй болгоно гэдгээ эхлээд мэдэгдлээ. Ингэхдээ Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг олон сар жилээр ажиллахгүй, богино хугацаанд судалгаа хийж, хохирогчдын өрийг барагдуулчих хэмжээний үл хөдлөх хөрөнгүүд хэний гараар орсон, одоо хэний мэдэлд байна гэдгийг тодорхойлно. Мөн худалдаа арилжаа яаж явагдсан, хөрөнгө хэрхэн зарагдсаныг судална. Үүний дараагаар дахин ийм уулзалт зохион байгуулна гэдгийг онцлоод хохирогчдын нэрээр хэдэн хүн завшаад өнгөрч болохгүй гэлээ.

Түр хорооныхны хэлсэнчлэн ирэх оны төсөвт хохирлыг барагдуулах мөнгийг суулгах нь байж болох хувилбар ч энэ нь олон хүний хариуцлагагүй хандсаныг хаацайлсан хэрэг болно. Иймээс хяналт шалгалт, судалгаа хийх хугацаа хэрэгтэй. Долоон жил хөөцөлдсөн та бүхэнд дахин судална хянана гэсэн үг хүнд сонсогдож байгаа. Гэсэн ч бидэнд судалгаа хийх хугацаа өгөх хэрэгтэй. Бид шуурхай ажиллана. Ажил ямар шатанд яваа талаар хагас сарын дараа эргэн уулзаж ярилцъя. Шаардлагатай гэж үзвэл ажлын хэсгийг би өөрөө ахлаад ажиллая гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр хэллээ