Даатгуулагч санхүүгийн бэрхшээлд орохгүйгээр эмчилгээ, тусламж авахыг хуульчлана
2012.10.26
Эрүүл мэнд

Даатгуулагч санхүүгийн бэрхшээлд орохгүйгээр эмчилгээ, тусламж авахыг хуульчлана

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны эцэст хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцуулахдаа эрүүл мэндийн даатгалыг дээдэлдэг, даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхойлох, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг байх заалтыг төсөлд тусгасан гэв. 

Түүнчлэн даатгуулагчийг бус эрүүл мэндийн байгууллагыг тойрсон эрх, үүргийг хуульчлах, үйлчилгээний чанарт даатгуулагч санал хүсэлт, гомдлоо гаргах, үйлчилгээ үзүүлэгчийг худалдан авагчаас салгах, даатгуулагч өвдсөн тохиолдолд санхүүгийн бэрхшээлд орохгүйгээр эмчилгээ тусламж авдаг байх зэргийг үндэслэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна.

Дээрх хуулийн төслийг  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргасныг тус байнгын хорооны дарга  З.Баянсэлэнгэ мөн танилцуулсан.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын зардал дөнгөж 25 хувьтай байгааг нэмэгдүүлэх, эмнэлэгт хэвтсэн хүмүүс зардлынхаа 40 хувийг өөрөө даадаг байдлыг бууруулах, өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас санхүүжүүлэх зэргийг шийдвэрлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой гэж Н.Удвал сайд онцоллоо.

УИХ-ын дийлэнх гишүүн энэ хуулийн төслийг сайн боловсруулж хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, Р.Гончигдорж гишүүн “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинэчлэл хийе гэдгийг олон жил ярьсан. Тиймээс хууль санаачлагч заавал даатгалын системд шилжиж байгаатай холбогдуулан энэ хуулийн төслийг бусад хуультай хэр уялдуулсан бэ” гэдгийг сонирхоход С.Ганбаатар гишүүн “уялдсан” гэсэн хариулт өглөө .

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Иргэн Эрүүл мэндийн даатгал төлдөг атлаа өвдөх үед эмчилгээ үйлчилгээгээ авч чадахгүй байна гэсэн гомдол нэлээд гаргадаг.

С.Ганбаатар гишүүний  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хандсан зарим шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна. Сайн тал, эерэг үр дүн бий. Харин ч дутагдалтай, шүүмжлэлтэй асуудлууд нь Эрүүл мэндийн яамандаа байдаг. Тиймээс энэ хуулийн төсөлд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү тодорхой болгож, хуулийн төслийг маш сайн боловсруулж байж оруулж ирэх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг бие даалгана гэдэг буруу” гэсэн санал хэлж байсан.

Харин С.Ганбаатар гишүүний хувьд Үндэсний зөвлөлийг бие даалгахдаа хариуцлагыг нь өндөржүүлэх, яам хоорондын уялдаа холбоог сайжруулах, хараат бус байлгах зорилгоор бие даалгах асуудлыг гаргаж ирсэн гэлээ.  Ийнхүү гишүүдийн асуулт хариулт нэлээд үргэлжилсний эцэст үдийн цайны завсарлага авч үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж санал хураахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ