Эрдэнэ зуу хийдийн хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах талаар  онцгой анхаарна
Улсын их хурлын чуулган 2012.12.14 ны өдрийн хуралдаан
2012.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Эрдэнэ зуу хийдийн хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах талаар онцгой анхаарна

УИХ-ын чуулганы 2012 оны 12-р сарын 14-ны Баасан гаригийн үдээс хойшхи  хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тавьсан Монгол Улсын Түүх, соёлын дурсгалт газрын харуул хамгаалалт, засвар үйлчилгээ ямар түвшинд байгаа болон Эрдэнэзуу хийдийн өнөөгийн байдлын талаарх асуулгын хариуд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл

Манай улсын нутаг дэвсгэр дээр 1000 гаруй чулуун зэвсгийн бууц суурин, 600 орчим хүн чулуу,  600 орчим буган чулуу хөшөө, 300 орчим хот суурины ор үлдэц, 200 гаруй хадны зурагтай томоохон дурсгалт газар, 500 гаруй хиргисүүр, 110 гаруй тайлгын онгон, 200 гаруй бичээс бүхий хөшөө дурсгал, 941 сүм хийдийн үлдэгдэл, туурь  судлагдаж бүртгэгдсэн байна. Эдгээрээс Засгийн газрын тогтоолоор 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтад  авчээ. Соёлын үйл ажиллагааг дэд бүтэц, аялал жуулчлалтай уялдуулах, түүх соёлын дурсгалыг бүртгэн баримтжуулах, хамгаалах, сэргээн засварлах, судалж сурталчлах зорилготой “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхэд 13,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах төвийг байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юм байна. Мөн  Эрдэнэ зуу хийдийн хамгаалалт, сэргээн засварлах ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. 

Засгийн газрын тогтоолоор 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтад  авчээ

Эрдэнэ зуу музей нь 2012 оны байдлаар 19 хүний орон тоотой, 7909 үзмэртэй, түүний 117 нь "түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл" бөгөөд нийт үзмэрийн 25,8% нь үзүүлэгт, 69% нь сан хөмрөгт,  5%(288ш) нь Лавиран сүмд буюу Бат Эрдэнэ зуу хийдэд ашиглуулж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар Эрдэнэ зуу музейг 33965 хүн үзсэнээс дотоодын үзэгчдийн тоо 20828 буюу нийт үзэгчдийн гуравны хоёрыг эзэлж байгаагаас харахад манай иргэд өөрийн түүх, соёлын дурсгалаа үзэх сонирхол эрс нэмэгдсэн байна.

Эрдэнэ зуу хийдийн хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах талаар  онцгой анхаарч зарим арга хэмжээ авахаар төлөвлөснөө Ц.Оюунгэрэл сайд энэ үеэр танилцууллаа. Юун түрүүнд "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж батлуулснаар соёлын өвийг хамгаалах эрх зүйн цоо шинэ орчин, соёлын өвийг хамгаалах улсын хэмжээний босоо тогтолцоо, бүртгэл мэдээлэл, хяналтын иж бүрэн систем бүрдэж, хариуцлага, хяналт шаардлагын хэмжээнд хүрэх юм байна. Мөн Эрдэнэ зуу музейн "орон нутгийн чанартай музей"-н статусыг өөрчилж Соёл, спорт аялал жуулчлалын яамны харъяа "улсын чанартай музей" болгох,  сэргээн засварлах улсын үйлдвэрийн газрын байгуулах, дохиолол хамгаалалтыг сайжруулан, орчин үеийн хамгаалалтын системд холбох,  музейн үнэлгээг тогтоох, нэг хэрмэн дотор байрлаж байгаа байгууллагуудын хоорондын харилцааг уялдуулах, музейн бүртгэлтэй үзмэр, эд өлгийн зүйлийг язгуур зориулалтаар нь ашиглах зэргийг зохицуулах хууль эрх зүйн орчинг бий болгохыг зорьж байгаа юм байна. Үүний дараа соёл өвийг хамгаалах талаар гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Балдан Бэрээвэн хийдийн засварт зориулан зарим санхүүжилт хийх боломжтой эсэх талаар асуухад судлаж үзээд санхүүжүүлэх боломжтой гэсэн юм.

О.Баасанхүү гишүүн асуулт асуув

О.Баасанхүү: Монгол Монголоороо үлдье гэвэл соёлоо хамгаалах хэрэгтэй

Хуралдааны төгсгөлд асуулга тавьсан УИХ-ын гишүүн  О.Баасанхүү Монгол Монголоороо үлдэхийн тулд өөрийн түүх, өв соёлоо хамгаалах, түүнийгээ таниулах явдал чухал гээд Монголын бахархалт шувуу хэмээн зарлаад байгаа шонхор шувууг гадагш нь зарахыг хориглох нь зүйтэй гэсэн юм.  Мөн төрөлх Монгол хэл буюу төрийн  албан ёсны хэлийг сайтар хамгаалах, хуулинд уламжлалт хэллэгийг ашиглаж авч үлдэх талаар анхаармаар байна гэсэн саналтай  байлаа.

ШИНЭ МЭДЭЭ