Ж.Эрдэнэбат: Үндсэн хуулийн дагуу МАН бүлэг байгуулах эрхтэй
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат
2012.08.01
Улстөр

Ж.Эрдэнэбат: Үндсэн хуулийн дагуу МАН бүлэг байгуулах эрхтэй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Өнөөдрийн /өчигдөр/ хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийнх гэж нэрлэх үү, эсвэл  МАН-ынхан УИХ-ын гишүүний хувьд уулзлаа гэх үү?

-МАН-ын бүлгийн хурал гэж үзнэ.

-Яагаад?

-Үндсэн хуульд аливаа нам, эвслийн 8-9 гишүүн парламентад суусан бол бүлэг байгуулах эрхтэй гэж заасан. МАН өнөөдөр парламентад албан ёсоор 25 суудал авчихсан байхад бүлэг байгуулах бүрэн эрхтэй.

-УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор албан ёсоор бүлэг байгуулахаа мэдэгдэж, гишүүдийнхээ нэрсийг өгөх ёстой гээд байгаа шүү дээ?

-УИХ-ын дарга нь хүлээн зөвшөөрөгдөөгүй, хууль бусаар томилогдсон байхад МАН заавал З.Энхболдод мэдэгдэл хүргүүлэх албагүй. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалах ёстой атал хоёр дахь хүнээр ахлуулчихаад л тамгаа авчихсан. Энэ бол хууль бус үйлдэл. Бид Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу бүлгээ байгуулсан. Өнөөдрийнх бол МАН-ын бүлгийн хурал. Бид даргаа хүртэл сонгочихсон.

-МАН З.Энхболдод санал хүргүүлэхдээ Өвөрхангайн хоёр тойргийн маргааныг шийдэж өг гэсэн утгатай зүйл дурдсан. Энэ нь УИХ-ыг эсвэл АН-ыг шүүхийн байгууллагад нөлөөл гэсэн үг юм шиг ээ. Ингэж болно гэж үү?

-Нөлөөл гэсэн үг биш л дээ. Угаасаа Өвөрхангайн асуудлыг уг нь шүүх байгууллага хэлэлцээд тодруулбал, шүүх хурал болж байж шийдэх ёстой. Гэтэл хэрэг шалгаж, шийдвэрлэх үйл явц болоогүй, ердөө ганцхан шүүгч дүгнэлт бичээд л шийдвэр гаргасан. Дээрээс нь харьяаллын бус шүүхээр шүүсэн. Үүнийг бид эсэргүүцсэн утгатай юм л даа.

-Танайх чуулгандаа хэзээнээс суух вэ. Хурлаараа энэ тухай ярив уу?

-Бид АН-тай зөвшилцөж, ойлголцсоны дараа л чуулгандаа сууна.

-Төрийн ажил гацааж, МАН-ын нэр хүнд унасаар байна шүү дээ. Энэ хамаагүй юу?

-Бүх зүйл хуулийн дагуу л өрнөх ёстой. Хууль мөрдөхийг шаардсаныхаа төлөө МАН-ын нэр хүнд унахгүй ээ.

-Танай нам Бага хурлаараа удирдлагаа солилоо. Энэ алхам МАН-д шинэчлэл авчирч чадах уу?

-Шинэчлэл биш хариуцлага тооцож буй хэлбэр гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл хариуцлага тооцсон алхам мөн үү?

-Мөн.

-Тэртээ тэргүй УИХ-ын гишүүн болчихоор генсек ажлаа өгөх л ёстой шүү дээ. Энэ л замаар У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорлоо?

-Намын дарга ажлаа өгөөгүй байсан ч гишүүнээрээ үлдэх л байсан. Гэвч тэр намын даргын ажлаа өглөө шүү дээ. Харин У.Хүрэлсүх бол удирдах зөвлөлд орохоос өөрөө татгалзсан. Энэ нь хариуцлагаа хүлээж буйн илрэл.

ШИНЭ МЭДЭЭ