Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүллээ
Улсын их хурлын чуулган 2012.12.21 ны өдрийн хуралдаан
2012.12.25

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр шилжүүллээ

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдын анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн /2012.12.21/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Түүний танилцуулснаар хуулийн төслийн зорилго нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, үйлчлүүлэгч рүү чиглэсэн татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэх учраас үйлчлүүлэгчийн эрх үүргийг тодотгон зааж өгсөн байна.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн А.Бакей хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдсан эсэх, түүнд Сангийн яам, Татварын ерөнхий газраас ажлын хэсэгт багтсан эсэхийг тодруулсан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Байнгын хорооноос өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажилласан гээд Сангийн яам, Татварын ерөнхий газрын  ажилтнууд багтсан гэдгийг дуулгалаа.

Ингээд ажлын хэсээг оруулж ирэн Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 30 гаруй саналын томьёололуудаар санал хураалт явууллаа.

Ц.Баярсайхан гишүүн асуулт асууллаа

Б.Гарамгайбаатар гишүүн асуулт асуув.

С.Ганбаатар гишүүн ажлын хэсгийн гишүүний хувьд санал хэлэв

Хуулийн төсөлд тусгаснаар “татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлэх бол “татварын мэргэшсэн зөвлөх” гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн эрх зүйчийг хэлнэ гэж төсөлд заасныг гишүүдийн олонхи дэмжлээ.

Байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллуудаар санал хурааж дуусан эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ