”Иргэний эрүүл мэндийн даатгалын эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.
2013.04.24
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын тухай хэлэлцүүлэг өрнөв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ”Иргэний эрүүл мэндийн даатгалын эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийгдэх гэж буй энэ үе буюу УИХ хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаар тусгасан нь ихээхэн ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийг тус Байнгын хороо нэгтгэн бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан ажиллуулж байна.

Эрүүл мэндийн яам, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөллүүд оролцон илтгэл тавьж, зарим асуултад хариулт өгсөн юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ, Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрөл, даатгалын байгууллагын тогтолцоо, удирдлага, Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хяналтын тогтолцооны талаар хуулийн төсөлд хэрхэн тусгаж зохицуулалт хийх талаар оролцогч талуудын саналыг сонсохоор хөтөлбөрт тусгалаа. Хэлэлцүүлгийн үед та бүхний гаргасан саналуудыг хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх үед тусгах талаар Байнгын хороо болон Ажлын хэсэг анхаарч ажиллах болно”гэлээ.

Мөн тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөллүүд оролцон илтгэл тавьж, зарим асуултад хариулт өгсөн юм. Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл: Ажил олгогч эздийн байр суурь гүйцэтгэх үүрэг сэдвээр илтгэл тавьсан бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цаашид хэрхэн шинэчлэх тухай илтгэлийг сонсголоо.

“Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй биш гэдгийг шүүмжлэх нь их байдаг.

Одоогоор нийгмийн даатгалын сангийн төсвийн 41 хувь нь хувь хүний төлбөрөөс бүрдэж байгаа нь иргэдэд санхүүгийн дарамт болдог.

Иймээс эрүүл мэндийн даатгалыг эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогын үндсэн чиглэл, эрүүл мэндийн даатгалын байгууллагыг тусламж, үйлчилгээг худалдан авах хүчирхэг худалдан авагч болгох замаар иргэдэд учирч буй санхүүгийн дарамтыг 25 хувьд хүргэн бууруулна” гэдгээ Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаашид Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжүүлэн ажлын хэсэг болон байнгын хороогоор дамжуулан мэргэжлийн хүмүүсийн саналыг авна гэдгээ хэлэлцүүлгийн төгсгөлд мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ