Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2013 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат
2013.10.23
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2013 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд ирвэл зохих долоон гишүүнээс дөрвөн гишүүн ирснээр, ирц 57,4 хувьтай хүчин төгөлдөр болж, хуралдаан эхэллээ. Хуралдаанд оролцож байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн яамны Хөгжлийн бодлого, стратегийн бодлогын газрын орлогч дарга, Сангийн яамны дэд сайд болон бусад гишүүд багтсан байв.

Хэлэлцэх асуудал дээр өөр санал гараагүй тул хэлэлцэх асуудлыг баталж, төслийн талаархи танилцуулгыг Сангийн дэд сайд С.Пүрэв хийсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Статистик үзүүлэлтийг үнэн зөв тодорхой гаргах үүднээс хөндлөнгийн шинжилгээ судалгааны байгууллагаар хянуулах шаардлагатай

Танилцуулгад, Монгол улсын нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн үнэ ханш, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцоход 2013 оны нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 6,8 хувьд хүрэхээр байна.

Төсвийн хуулийн 34.1.2-т зааснаар нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад эзэлвэл зохих хувиасаа 3 хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсний дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүсэж байгаа гэдгийг тодотгоод, төсвийн орлогын бууралтанд нөлөөлсөн хүчин зүйлсийг нэрлэж, мөн төсвийн зарлагын талаар мэдээлэл хийлээ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар санал хэлэхдээ, валютын төгрөгтэй харьцах ханш, зэсийн баяжмалыг зарах үнэ ханш манай улсын төсвийн орлогын гол үзүүлэлт байдаг, тиймээс статистик үзүүлэлтийг үнэн зөв тодорхой гаргах үүднээс хөндлөнгийн шинжилгээ судалгааны байгууллагаар хянуулах шаардлагатай гэж үзэж байна,

миний бие ажлын хэсэгт байгаагийн хувьд энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн гэлээ. Мөн төсвийн үнэлгээг хийдэг хүн буюу төсөвчинг улсын байгууллага өөр дээрээ авах талаар санал болголоо.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Монгол Улсын гадаад өрийг хэрхэн шийдвэрлэх талаар хууль гаргаж, өрийн бүртгэл хөтлөхийг санал болгож байна гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт, нөхцөлтэй орлогыг цаашид төсөвт тусгахгүй байхыг анхаарах, мөн энэ жилийн төсвийн тодотгол 2014 оны төсөвтэйгээ уялдаагүй байгаад зарчмын хувьд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ удаад хөрөнгө оруулалтан дээр их хэмжээний хийдэл гарсанд шүүмжлэлтэй хандаж байна. Монгол Улсын гадаад өрийг хэрхэн шийдвэрлэх талаар хууль гаргаж, өрийн бүртгэл хөтлөхийг санал болгож байна гэв.

Хуралдааны төгсгөлд Төсвийн зарлагын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат, цаашид улсын нэгдсэн төсвийг эрүүлжүүлэхэд ажлын хэсгийн болон дэд хорооны бүх гишүүдийн үүрэг оролцоо чухал болохыг сануулан хэллээ.

Ингээд хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголыг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ