Ж.Эрдэнэбат: Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучууд өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүллээ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.30
Улстөр

Ж.Эрдэнэбат: Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучууд өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүллээ

УИХ-ын гишүүн, МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгч Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-МАН-ын Их хурлыг хэрхэн дүгнэж байна вэ. Шинэчлэл хийж чадсан уу?

-Тодорхой хэмжээнд нэлээд өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, үйл ажиллагаа болон дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Энэ бол зүйгээр суугаагүйн нэг илрэл. Ямар ч байсан өөрчлөхөөр явж байна. Цаашид үйл ажиллагаа маань хэрхэн өрнөх нь намын Их хурлын шийдвэрийг үргэлжлүүлэх асуудал дээр тодорхой харагдах байх.

-МАН-ын шинэ удирдлагаар УИХ-ын дэд дарга М.Энхболд сонгогдлоо. Харин Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нар намын даргад дэвшсэн ч нэрээ татсаныг юу гэж харж байна вэ?

-Хувь хүмүүсийг тийм ийм, буруу зөрүү гэж тайлбарлах нь миний хувьд зохимжгүй байх. Яагаад гэвэл, тэр хүмүүс өөрсдийнхөө шийдвэрийг гаргасан. Түүнээс биш дургүй ламыг дарж байж сахил хүртээнэ гэгчээр аливаа асуудлыг хүчээр шийдвэрлэх ойлголт байхгүй.

Нэг талдаа намынхаа өөрчлөлт, шинэчлэлийн төлөө зориг зүрх гаргаад нэр дэвшсэнд нь үнэлж байна. Гэхдээ нөгөө хүмүүс нь шантарсандаа нэрээ татсан зүйл байхгүй гэж бодож байна. Миний хувьд аль, аль талаас нь харахад тэр нь ингэлээ,  тэглээ гэж үнэлж, дүгнээд байх шаардлага байхгүй байгаа.

-МАН-ын XXVII Их хурлаар намын дүрэмд томоохон өөрчлөлтүүдийг орууллаа. Тухайлбал, Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлснээс гадна санхүүжилтийг ил зарлахаар болсон. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намын хувьд тодорхой хэмжээнд хариуцлагын асуудал байх ёстой. Тэр утгаараа Бага хурлын гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах чиглэлийн заалтуудыг дүрэмд тусгасан. Нөгөөтэйгүүр өнөөдөр МАН сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаа учир улс төрийн нөхцөл байдлыг зөвхөн намын даргад гол ачаалал үүрүүлэх ёстой гэж үзсэн.

Энэ дагуу дүрмийн өөрчлөлтөөр намын дарга Удирдах зөвлөлөө толгойлж, улс төрийн үйл ажиллагаагаа хийх хэрэгтэй гэж үзсэн байгаа. Өмнө нь Удирдах зөвлөлийг Ерөнхий нарийн бичгийн дарга ахалдаг байсан бол өөрчилсөн хэрэг.

-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг ямар учраас татан буулгасан юм бол?

-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний гол зорилго бол үндсэндээ Их хурлыг зарлан хуралдуулж, намын гишүүд, дэмжигч, олон нийтийн үгийг сонсох байсан. МАН-ын үйл ажиллагаанд өөрчлөлт хийх ёстой гэсэн зүйл яригдаж, нийгэмд хүлээлт байлаа шүү дээ.

Их хурал хуралдаж, бидний гол зорилго биелсэн учир төлөөлөгчдийнхөө эрхэнд халдах ёсгүй.

Үүнийг хэрэгжүүлэх хамгийн эрх бүхий “байгууллага” нь МАН-ын Их хурал байсан. Нэгэнтээ Их хурал хуралдаж, бидний гол зорилго биелсэн учир төлөөлөгчдийнхөө эрхэнд халдах ёсгүй. Тиймээс Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн өөрийнхөө үүргийг хэрэгжүүлсэн гэж үзсэн юм.

-Та “МАН-ын Их хурал эв нэгдэл, шинэчлэлийн хурал байлаа” гэдэгтэй санал нэг байна уу?

-Миний хувьд ерөнхийдөө санал нэг байна.

-Намаа шинэчлэгч залуусын тавьсан асуудлыг энэ Их хурлаар хэлэлцэж чадсан болов уу?

-Бид зөвхөн Их хурлаар асуудал гарган тавихдаа гол нь биш. Их хурал болох бэлтгэл ажлын хүрээнд анхан шатны байгууллагуудаар явж гишүүд, дэмжигчдийнхээ саналыг сонссоноос гадна бүх ажлын хэсэгт өөрсдийн биеэр оролцсон.

Хэдийгээр бид тусдаа нам шиг хэсэг бүлгээрээ яваад байхдаа сонин биш. Энэ нь нэг нам, эв нэгдлээ баримталсан зарчим. Тиймээс ажлын хэсэгт орж, хэлэлцүүлэгт өөрсдийн биеэр оролцсоноор нэг зүйлийг гаргаж тавьсан.

Тэр утгаараа Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучууд санал нэгтэйгээр өөрсдийнхөө өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүллээ. Шинэчилж байгаа үйл явц хэрхэн байх вэ гэдэгт бид үнэлэлт, дүгнэлт өгөх ёсгүй. Үүнийг намын эрх барих дээд байгууллага өөрийн шийдвэрээр гаргана.

ШИНЭ МЭДЭЭ