Ц.Туваан: 2013 оны ургац хураалт бүрэн дууссан
Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан
2013.11.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Туваан: 2013 оны ургац хураалт бүрэн дууссан

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Яг одоогийн байдлаар ургац хураалт хэдэн хувьтай байна?

- Ургац хураалт улсын хэмжээнд 11 сардаа багтан 100 хувь дууссан. Үүнд төмс хүнсний ногоо, үр тариа үүн дотор улаан буудай, тэжээлийн ургамал, тосны ургамлын ургац хураалт дууссан.

-Өнгөрсөн жилийн ургац хураалттай харьцуулахад өссөн үү буурсан байна уу?

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад таримлын сэлгээнд тосны ургамалд арабсыг оруулж ирснээр улаан буудай тарих хэмжээ 10 гаруй га-гаар буурсан. Нийтдээ 270 гаруй мянган га-д тарьсан. Га-аас авах ургацын хэмжээ өнгөрсөн жилийнхээс бага зэрэг буурсан ч энэ жил хяруунд улаан буудай өртөөгүй учраас өнгөний өөрчлөлт, цавуулаг буюу чанар маш сайн гарч байгаа. Дотоодын улаан буудайгаар хийсэн гурил цавуулаг сайтай усгүй гурил болно гэсэн баталгаа болж байгаа.

- Хавар тариалалт эхлэх үеэр төлөвлөж байсан ургацаа хурааж чадсан уу?

- Энэ жил дотоодын хэрэгцээг хангах улаан буудай хураан авна гэсэн төлөвлөгөөтэй байсан. 8 сарын 23-д ургацын урьдчилсан тооцоо гарч улсын хэмжээнд нийт 404 мянган тонн улаан буудай хурааж авсан. Намар есөн сард цаг агаарын хувьд газар тариалангийн салбарт маш муу байлаа.

Борооноос бороо, цаснаас цасны хооронд тариаланчид ургацаа хурааж авсан гэж ойлгож болно. Тариалангийн бүс нутгуудаар орсон гурваас дөрвөн удаагийн есөн сард орсон цас манай тооцоолж байсан ургацын тооцоог 9-10 хувиар бууруулсан. Эцсийн тооцоогоор энэ жил 368 мянган тонн улаан буудай хураан авсан.

- Ургацыг түвшинг бүсчилж хуваавал. Аль газраараа ургац хураалт сайн байна?

-  Энэ жил бүсчилж үзэх юм бол Сэлэнгэ аймаг хамгийн сайн буюу 180 –аад мянган тонн улаан буудайн ургацыг хураан авлаа. Дараа нь Төв аймаг цаашлаад Булган, Хэнтий, Дорнод аймгуудын ургац хураалт сайн байлаа. Нэг га-гаас авах ургацын хэмжээгээр Төв аймаг хамгийн өндөр ургац авсан байгаа.

- Тариаланчид ургацаа хураан авч дууслаа. Тэгэхээр урамшуулал олгох асуудал энэ жил хэзээнээс эхлэх вэ?

Сэлэнгэ аймаг хамгийн сайн буюу 180 –аад мянган тонн улаан буудайн ургацыг хураан авлаа.

- Урамшууллыг 2012 онд шинэчлэлийн засгийн газар гарч ирээд тариаланчдад үйлдвэр болон тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан тонн тутамд 100 мянган төгрөг олгохоор шийдвэр гарсан. Энэ жилийн хувьд энэ шийдвэр хэвээрээ үргэлжилж урамшуулал авахад шаардагдах бичиг баримтаа бүрдүүлээд энэ сарын 15-ны дотор аж ахуй нэгжүүд харьяа аймгийнхаа хүнс хөдөө аж ахуйн газраар дамжуулан манай тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр нэгтгэгдэн 12 сар гараад урамшуулал олгогдож эхэлнэ.

-  Энэ жилийн хувьд ургац борлуулалт дээр хэрхэн анхаарч байна вэ? намрын ногоон өдрүүдэд зарим тариаланчид хугацааг нэмэх талбай газар гаргаж өгөх хүсэлт тавьж байсан?

- Энэ жилийн хувьд манай тариаланчдын борлуулалт өмнөх жилийнхээс сайн байгаа. Улаан буудайн борлуулалтад гурилын үйлдвэрүүд өрсөлдөж боломжийн үнээр худалдаад дууссан. Одоогоор 30 мянган тонн улаан буудай борлуулалтын шатанд явж байгаа бусад нь эзэндээ очсон. Ногоочдын зүгээс бол өөрсдийн ногоог шууд иргэдэд борлуулах хүсэлт байдаг.

Үүнийг харгалзан засгийн газраас тогтоол гаргаж  Улаанбаатар хотод зургаан дүүрэгт, дүүрэг бүрт павилон байгуулж ногоо борлуулалт хийдэг хувийн хэвшил, төрийн бус байгууллагатай хамтран нийт 410 гаруй аймгийн 400 гаруй ногоочдын бүлгэмийн ногоог борлуулсан. Энэ арга хэмжээ 8 сарын 20-оос эхлээд 10 сарын 10 –ныг хүртэл үргэлжилсэн.

Гадаа зарахад ногоо хөлдөж эхэлсэн учир зогссон. Цаашдаа ногоочдынхоо авчирч байгаа ургацыг түр хугацаагаар хадгалах, тээврийн асуудлыг анхаарна. Мөн нийслэлд үйл ажиллагааг явуулж байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэргийн ангиудад баталгаатай эх орны хөрсөнд ургасан ногоог худалдан авах зохицуулалтын дэмжлэг үзүүлнэ гэсэн ажлууд хийгдэж байгаа.

- Шууд хэрэглэгчдэд хүргэх тал дээр олон тариаланчид санал хэлж байсан худалдааны төвүүдээр дамжуулан түгээх боломж байгаа юу? Намрын улиралд ногоо ихээр худалдаалагдаж нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурдаг. Гэтэл өвлийн улиралд хомсдол үүсдэг үүнийг яаж зохицуулах вэ? Энэ жил хомсдол үүсэх үү?

- Хүнсний ногооны хангамж нийт хэрэгцээний 57 хувийг хангана гэсэн тооцоо гарсан, үлдсэн 43 хувийг импортоор авна. Цаашдаа Засгийн газар болон манай яам импортоор авдаг хүнсний ногоог багасгаж дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавьж байгаа. Төмсний хувьд бол дотоодын хэрэгцээг хангахуйц ургац хураан авсан. Тэгэхээр асуудал үүсэхгүй.

Мэдээж хадгалалтын хугацаанд зоорь, ажиллах хүчний гэх мэт зардал гарах учир ногооны үнэ тодорхой хэмжээнд өсдөг. Мөн борлуулж байгаа газрын үйлчилгээний зардал нэмэгддэг учир ногооны үнэ нэмэгддэг. Энэ бол дэлхийн аль ч оронд байдаг жишиг. Бөөний үнэ жижиглэнгийн үнийн хооронд үйлчилгээний болон ашиг нэмэгддэг шүү дээ.

- Улаан буудайн хувьд зоорь агуулах хангалттай байдаг бол төмс болон бусад хүнсний ногоог хадгалах зоорь сав муу байдаг. Тэгэхээр зоорийг яаж шийдэх үү? Бас тариаланчдаас төмс хүнсний ногооны зоорийг аймагт нь байрлуулах санаачилга гарч байсан?

-Ийм санаачилга гарсан. Зоорийн хувьд төмс хүнсний  ногоо нийлээд 340 мянган тонныг ойролцоогоор хураан авлаа гэхэд манайд механикжсан болон энгийн нүхэн 180 мянган тонны зоорь байдаг. Энэ жил монгол банктай хамтран хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийнхэнд дэргэдээ зоорь барихад нь дэмжлэг үзүүлж байгаа.

Үүгээр зоорийн багтаамж 40 мянган тонноор нэмэгдэх боломжтой. Гэсэн ч дутна. Тиймээс улсын төсвөөс хөдөө орон нутаг тэр дундаа аймгийн төвд механикжсан зоорь барихад дэмжлэг үзүүлэхээр тодорхой хөрөнгө мөнгө тусгагдан ажил эхэлж байгаа.

- Зарим аж ахуй эрхлэгчдийн хувьд Улаанбаатар хот орчмоос хураан авсан тариалалт үнэ хямд, байхад, харин алс зайдуу орших газраас ургацаа хураан хот руу нийлүүлж байгаа тариаланчдын хувьд замын зардал шингэж үнэ нэмэгддэг. Үүнд ялгаа зааг гаргаж өгөх үү? Алс байгаа тариаланчдын борлуулалтад яаж анхаарах вэ?

“Алслагдсан бүс нутгийн тариалалтыг дэмжих” гэдэг тусгай хөтөлбөр гаргахаар яг одоо боловсруулах шатандаа явж байна.

- Ер нь бол энэ маш зөв асуудал. Мэдээж Сэлэнгэ аймгаас авчирсан ногоо, Төв аймгаас авчирсан ногооны хувьд тээврийн зардал өөр учир үнийн ялгаа гарна. Тэгэхдээ төрөөс бүх зүйлд дэмжлэг үзүүлэх боломж байхгүй. Харин хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот болон төвлөрсөн суурингуудад оруулахад ялангуяа дэд бүтцийн асуудалд анхаарч зам тавьсан.

Тариаланч бүтээгдэхүүнээ аваад ирэхэд замын ямар нэгэн саадгүй болоход дэмжиж байгаа. Харин алслагдсан бүс нутаг буюу баруун аймгуудад тариа тарьж үр тарианы хэрэгцээг хангаж байгаа компаниудад “Алслагдсан бүс нутгийн тариалалтыг дэмжих” гэдэг тусгай хөтөлбөр гаргахаар яг одоо боловсруулах шатандаа явж байна. Үүнд бол дэмжлэг үзүүлнэ.

1000- аас цааш км-т маш олон иргэд ажиллаж байгаа тэр иргэдэд зориулан тариа тариад тэндээ гурилаа үйлдвэрлэвэл засгийн газраас дэмжлэг үзүүлье гэсэн бодлого явж байгаа. Энэ бодлогыг боловсруулаад ирэх жил улсын төсөвт хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

-Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна. Газар тариалангийн салбар яг одоо ямар түвшинд явж байна вэ?

- Яаж үнэлэхээс шалтгаална. Өмнөх нийгмийн үед сая 200 мянган га талбай эргэлтэд орж хагалсан байдаг. Үүнээс 300-400 мянган га талбайг бүр атаршуулаад эргүүлэн бэлчээрт шилжүүлсэн. Үлдсэн 850 мянган гаран га талбайгаас 700 мянган га талбайг бид одоо ашиглаж байгаа. Үлдсэн талбай эргэлтэд орно.

Энэ салбар бол ирээдүйтэй улс орны амин чухал, хүн ардын хүнсний хангамжтай холбоотой салбар учир зайлшгүй төрийн бодлогын тэргүүнд явж хөгжих ёстой. Одоогоор хийгдэх  ажил маш их байна. Жишээ нь таримлын сэлгээ хөрс хамгаалалт хөрсний үржил шим бордооны асуудал байна. Газар тариалангийн салбарын тулгамдсан нэг асуудал нь мал аж ахуйн салбартай зөрчилдөж байгаа явдал. УИХ-аар газрын тухай багц хуулиуд хэлэлцэгдэнэ.

Энэ хуульд хоёр зөрчилтэй байгаа салбарыг зөв хуулийн зохицуулалт хийж өгөх болно. Тэгэхгүй бол тариалангийн талбай руу мал орчихсон, талбайг сүйтгэдэг тохиолдол их гардаг. Энэ бүгдийг шийдвэрлэх юм бол газар тариалангийн салбар маш ирээдүйтэй улсад ихээхэн үр өгөөжөө өгөх салбар юм.

- Жил болгон нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, нэг бол ихдээд нэг бол хомсдоод байна. 2013 оны ургац хураалт дууслаа. 2014 оны тариалалт эхлэхээс өмнө тариалангийн тэнцвэржүүлэх ямар ажил хийх вэ?

- Төмсний хувьд илүүдэл гарсан нь бидэнтэй ч бас холбоотой. Тариалан эрхэлж байгаа тариаланчдад бид захиалгыг багцаагаар ч гэсэн өгч чадаагүй. Ирэх жил хүнсний ногооны захиалгыг бэлдэж тариаланчдад багцаа чиг гаргаж өгнө. Тэгэхээр ямар ногоо таривал илүү хангамж талдаа хэрэгтэй вэ гэдгийг мэдэх юм. Мөн газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого гаргаж байгаа нь чухал баримт бичиг болно гэс бодож байна.