Хяналтыг хэрэгжүүлэх хуулийг дэмжинэ, дэмжихгүй
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.12.19
Хүний эрх

Хяналтыг хэрэгжүүлэх хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ.

Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хуулийн төслийг боловсруулах хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм.

Харин уг хуулийн төслийг бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байгаа. Учир нь тэд үзэхдээ “Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль нууцлагдмал байна. Энэ хууль яагаад нууц байна гэдэг нь анхаарал татаж байгаа. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг ч явуулаагүй. Хяналтын гэдэг нь үндсэндээ Мэргэжлийн хяналтын тухай хууль юм. Энд аж ахуйн нэгжээ дэмжиж, төрийн хяналтыг сулруулах гэсэн байр суурь, бодлого явж байна.

Үүнийг Бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байгаа. Бид хүнд суртлыг дэмжихгүй. Хамгийн гол нь, хүнс, эмийн асуудалд төрийн зүгээс тавих хяналтыг чангатгаж, сайжруулахгүй бол нэгдсэн зохицуулалт орхигдоно. Үүнээс болж ард иргэдийн дунд хүнс, эмээс болсон өвчлөл, эрсдэл өндөр хэмжээнд байна. Эрсдэлийн судалгаа хийнэ гэдэг нэрийдлээр төрийг хүчгүйдүүлэх явдал байж болохгүй.

Хүнс, эмийн хяналтад тусгайлсан агентлаг байх ёстой.

Бие даагчдын зөвлөлийн зүгээс Хүнс, эмийн хяналтын тухай хуулийг зэрэг өргөн барьж байгааг энэ дашрамд мэдэгдэж байна. Хүнс, эмийн хяналтад тусгайлсан агентлаг байх ёстой. Энэ бол олон улсын жишиг. Харамсалтай нь, дээрх хуулийн төсөл УИХ-ын цахим хуудаст тавигдаагүй байна. Гэтэл энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм” гэв.

Мөн тэд уг хуулийн төслөөр ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулах ёстой гэж үзэж буй аж. Энэ тухайд бие даагчид “Уг хуулийн анхны хувилбарт тулгуурлаж ярихад, уул уурхай, хүнс, эм, хөдөлмөр, байгаль орчин гэдгийг Мэргэжлийн хяналтад үлдээгээд бусад хяналтыг яаманд өгнө гэж зүйлчилсэн.

Үзэл баримтлалд нь аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэдэг гоё үгээр төрийн хяналтыг сулруулж, эрсдэлд тулгуурласан хяналт, шалгалтыг хийнэ гэж нэрлэж байгаа. Мөн улсын байцаагч юу хийх нь тодорхойгүй ийм байдалтай байх нь иргэд эрсдэлд орно гэж үзэж байгаа” гэдгээ ч давхар илэрхийлсэн юм.

Дээрх хуулийн төслийг шинэчлэх замаар Монгол Улсын 83 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзээд буй нь эсэргүүцэхэд хүргэж байгаа. Учир нь 83 хуулийг дахин шинэчлэн гэхэд цаг хугацаа их орно, сайжруулах гэхээсээ илүү цаг хугацаанд баригдан бүр дордуулсан хууль батлагдаж магад хэмээн эсэргүүцээд байгаа. Мөн уг хуулийг олон нийтийн дунд хэлэлцүүлэхгүйгээр баталбал олон хүний эрх ашиг хөндөгдөнө гэж Бие даагчдын зөвлөл үзэж буй аж.

ШИНЭ МЭДЭЭ