2010.12.08
Хүний эрх

Хүний эрхийн дэд хороо хүн хулгайлсан хэргийг судална

Өмгөөлөгч Л.Санжаасүрэн нь тус хороонд хандан “Франц улсад амьдарч байсан иргэн Д.Энхбатыг Монголын төр хулгайлсан явдал нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон уу гэдэгт тодорхой дүгнэлт гаргаж өгөхийг хүсчээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц хүн хулгайлсан хэргээр Англи улсад баривчлагдан тус улсын шүүхээс ял сонсох болоод буй энэ үед дээрх хэрэгтэй холбогдох өргөдлийг Хүний эрхийн дэд хороо өчигдрийн хуралдаанаараа авч хэлэлцлээ. Тодруулбал, өмгөөлөгч Л.Санжаасүрэн нь тус хороонд хандан “Франц улсад амьдарч байсан иргэн Д.Энхбатыг Монголын төр хулгайлсан явдал нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон уу гэдэгт тодорхой дүгнэлт гаргаж өгөхийг хүсч, гомдол гаргасан байна. Мөн Д.Энхбат агсныг С.Зориг агсны хэрэгт сэжиглэхэд өмгөөлөгч Л.Санжаасүрэн нь түүний өмгөөлөгчөөр ажилласныхаа төлөө шоронд орж, улмаар өмгөөллийн эрхээ цуцлуулсан. Тиймээс өмгөөллийн хөндөгдсөн эрхийг сэргээж өгөх хүсэлтийг давхар гаргажээ. Түүнчлэн дээрх хэрэгтэй холбоотой гомдлыг иргэн Д.Баяр мөн тавьсан.

Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга дээрх асуудалтай холбогдуулж, Хүний эрхийн үндэсний комисст хандаж, тухайн үед иргэн Д.Энхбатын эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажиллагаа явуулсан талаар мэдээлэл өгөхийг хүсч, тодорхой дүгнэлтүүдийг гаргуулж авсан талаар энэ үеэр дурдав. Дүгнэлтэд  дурдсанаар бол Хүний эрхийн үндэсний комисс нь иргэн Д.Энхбатыг Франц улсаас баривчлан авчрахад хүчний байгууллагуудад хандан “Хүний эрхийн ноцтой зөрчил гарлаа шүү” гэдгийг уламжилсан байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор тодорхой төвшний мэдээллийг хууль хүчний байгууллагуудаас Хүний эрхийн үндэсний комисс авахыг хүссэн ч “Улсын нууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх бололцоогүй. Тусгай албадын хамтын ажиллагааны талаар мөн тайлбар өгөх эрх үүрэг байхгүй гэсэн хариуг тухайн үед гаргаж өгч байжээ. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисстой хуулийн байгууллагууд хамтарч ажиллах сонирхол байгаагүй тухай ч энэхүү дүгнэлтэд хавсралтаар явуулжээ.

Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хувьд ирэх өдрүүдэд Монголын төр улс дамнан хүн хулгайлсан гэх хэргийг судлах болж байна. Хамгийн ноцтой нь, төр хулгайлж авчирсан хүнээ гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь нотолж чадаагүй. Түүгээр ч зогсохгүй сэжигтэн амь насаа алдаж, мөн түүнийг өмгөөлсөн өмгөөлөгч шоронд хоригдсон нь Монголд хүний эрхийн зөрчил ямар байгааг харуулах томоохон баримт болох бололтой.

Өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн гомдлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ер нь манайхан тухайн үедээ гадаадаас хүн хулгайлж авчирсныг нуугаад өнгөрч байсан бол одоо нуух ч аргагүй болсон. Олон улсын анхаарал татаж байна. Нөгөөтэйгүүр, бусад төрлийн гэмт хэрэг дээр хүний эрхийн ноцтой зөрчлүүд гараад байгаа  учраас энэ асуудлыг зөвхөн өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн гомдолтой холбогдуулж, гаргах нь явцуу. Бусад төрлийн хэргүүд дээр ч анхаарлаа хандуулах ёстой. Ажлын хэсэг байгуулан ажиллах шаардлагатай” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асуудлыг ярих үед Монгол Улсад мөрдөж байгаа хууль эрх зүй, ажлын уялдаа холбоо нь хэлбэр төдий, бэлтгэл муутай байгаа нь харагдсан. Өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа хууль эрхийн актуудад Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа яах ёстой вэ гэдгийг нарийвчлан гаргасан зохицуулалтгүй байгаа нь харагдлаа. Энэ нь эргээд олон улсын хэмжээнд улсын нэр хүндийг хөндөхөд хүргэж  байна” гэв. Эцэст нь гишүүд өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн гаргасан гомдолд үндэслэн Монгол Улсад хүний эрхийн зөрчил хэр байна вэ гэдгийг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ нарыг оруулсан юм. 


УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал болов. Одоо мөрдөж буй хуулиар тус комиссынхны эрх хэмжээ нь дутуу, зохион байгуулалтын хувьд ч учир дутагдалтай аж. Тэр дундаа томилгоо нь Хүний эрхийн үндэсний комисст ажиллаж байгаа гишүүдэд ихээхэн хүндрэл учруулдаг гэнэ. Иймд Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад ажлын хэсэг байгуулан, хуульд өөрчлөлт оруулах ажилд шамдахаар болов. Мөн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хувьд хэлэлцсэн асуудлаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ямар байдлаар оруулах вэ гэдэг хууль эрх зүйн зохицуулалт тодорхой бус, хүний эрхийг хамгаалах чиглэлийн эрх зүйн орчин тусаагүй байгаа нь энэ чиглэлд дэд хороо ажиллах шаардлагатайг харуулж байна гэж үзэн, гурав дахь ажлын хэсгийг байгуулснаар энэ удаагийн хуралдаан өндөрлөсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ