Б.Бат-Эрдэнэ: Бүлэг,фракцууддаа зориулсан бүтэц бий болгосноор замын дунд зогсолт хийж байгаа нь энэ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.10.23
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Бүлэг,фракцууддаа зориулсан бүтэц бий болгосноор замын дунд зогсолт хийж байгаа нь энэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн цэгцрээгүй байгаа ч хуулийн хугацаа тулсан учраас ирэх оны төсвийг хэлэлцэж эхлээд байна. 2015 оны төсвийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

Засгийн газрын боловсруулсан төсөв олон зөрчилтэй байсан учраас манай намын бүлгээс шаардсанаар төслөө татаж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Гэтэл Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан. Дараа нь бүрэлдэхүүнийг нь шинээр батлах асуудалтай төсвийг холбож яриад байна л даа. Угтаа ийм байж таарахгүй юм. Үндсэндээ эрх баригчид хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хуулиа зөрчсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, төсвөөс гадуур хэд хэдэн төсөвтэй явж ирсэн шүү дээ. Тухайлбал, бонд, үнэ тогтвор­ жуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны төсөв гэх мэт санхүү байдаг атлаа энэ нь төсөвт ордоггүй.

Энэ бүгдийгээ цэгцлэх хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас улс орны эдийн засаг хүндрээд эдийн засгийн гол үзүүлэлтүүд дандаа буурсан үзүүлэлттэй байгаа нь та бидний өдөр тутмын амьдрал дээр мэдрэгдэж байгаа. Тухайлбал, валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн. Өмнө нь ард түмэнд халамжаар 21 мянган төгрөг тараасныг “Буруу” л гээд байсан.

Гэтэл үүнээс дөрөв дахин их буюу гурван их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хоёр жил дараалан зарцууллаа. Гэтэл 21 мянган төгрөг хүн бүрт хүрч байсан бол Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг цөөн хэдэн компани авсан нэртэй үрэн таран хийчихсэн. Угтаа ямар ч ажлаас үр дүн гарах учиртай. Гэвч ямар ч эерэг үзүүлэлт харагдсангүй.

Үнэ тогтворжуулна гээд баахан мөнгө тараасан ч эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үнэ 40 хувиар өсчихсөн байна. Нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаагийн цаана ард түмний амьдрал улам бүр доройтсоор байгааг та бид харж байна.

-Гадны улсуудаас авсан зээлээ төлж эхлэх хугацаа ойртож байна. Гэтэл ирэх оны төсөвт “Татвар нэмснээр өр барагдуулах сантай болох гэж байна” гэх мэдээлэл гарсан. Үнэхээр бид төлөх татвараараа дамжуулан улсынхаа өрнөөс төлөлцөх дээрээ тулчихаад байгаа хэрэг үү?

Манай улс Хөгжлийн банк, бондоор дамжуулаад төсвөөс гадуур асар их хэмжээний зээл авчихсан байгаа. Үндсэндээ улс орон өрийн дарамтад орчихсон. Хамгийн харамсалтай нь энэ өрийг бидний хойч ирээдүй төлж таарна. Гэтэл энэ их өрийг дарахын тулд ард иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмэхээр оруулаад ирчихсэн байна.

Өөрөөр хэлбэл, гаднаас авсан энэ их хэмжээний зээлээ төлөхийн тулд иргэдийн халаасан дахь хэд рүү гар дүрэх гэж байна. Ингэхдээ дөрвөн төрлийн татварыг иргэдээсээ авахаар ирэх жилийн төсөвт оруулж ирсэн. Гэтэл төсвийн орлого жил дараалан 1.5 их наядаар тасарч байна. Төсвийн хөрөнгө оруулалт байхгүй, цалин, тэтгэврээ нэмж чадахгүй гэж байна. Уг нь Засгийн газар төсвийн орлогоо бүрдүүлэх учиртай.

Үнэндээ 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг таван хувь болтол нь бууруулсан.

Гэтэл том аж ахуйн нэгжээсээ татвараа авч чадахгүй. Тухайлбал, “Оюутолгой” ХК 1.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулж байхад 70­ хан тэрбум төгрөгийн татвар төлж байгаа. Гэсэн атлаа өнөөх татвараа төлдөггүй. Цаашлаад манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас бид татвараа ч авч чадахгүй байгаа атлаа жирийн иргэдээ номхчилж төрөл бүрийн татварын дарамт үзүүлдэг байдалтай л болчихлоо шүү дээ.

Цаашлаад жил бүр хөрөнгө оруулалт тасарч байгаа. Ерөөсөө л 40 хүрэхгүй хувийн биелэлттэй явна. Ганцхан жишээ хэлэхэд, энэ онд Хэнтий аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар 23 нэр төрлийн 54 тэрбум төгрөгийн ажил хийхээр байсан. Гэтэл энэ бүгдийг жагсаагаад үзэхээр 23 төсөл арга хэмжээний 19 нь 2012 оноос өмнөх ажил. Заримынх нь эхэлсэн, зарим нь дуусч байгаа гэх мэт ажлууд байх жишээтэй.

Гэтэл үүний дөрвийнх нь санхүүжилтийг хагас дутуу, 15­ыг нь тэг санхүүжилттэйгээр зогсоосон. Харин 2015 оны төсвөөс Хэнтий аймагт ямар шинэ ажилд зарцуулахаар тусгасныг хайсаар байгаад ганц л ажил оллоо. Гэхдээ ганц Хэнтий аймагт биш, бусад аймагт ч мөн адил бүтээн байгуулалтын ажил алга.

-Ирэх оныхтой харьцуулахад энэ оны төсөвт өөдрөг үзүүлэлт юу байна вэ. Шинээр ямар ч бүтээн байгуулалт хийхээргүй байна л гэх юм?

2013, 2014 оныхоос ялгаагүй. Ерөөсөө л өнгөрсөн онуудад эхлүүлсэн хуучин ажлуудаа дахиад жагсаачихсан байна. Үүнээс өөр нүүр тахлах юм алга. Ирэх жил бол бүр дордуулчихсан байгаа нь харагдаж байна. 13 төсөл арга хэмжээнд тавхан тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Гэтэл энэ бол өнөөдрийн зах зээлийн ханшаар нэг томоохон сургууль юм уу эмнэлэг барих л хэмжээний мөнгө шүү дээ.

Гэтэл энэ мөнгийг бүхэл бүтэн 13 объектын дунд тавьж өгөөд хариуцлагыг нь өөрсдөөсөө зайлуулж орон нутагт нь хариуцуулаад өгчихөж байна шүү дээ. Үнэндээ 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг таван хувь болтол нь бууруулсан. Ийм байдал руу оруулчихаад хөрөнгө оруулалт, цалин, тэтгэвэр алийг нь ч нэмэхгүй гэсэн төсөв л оруулж ирж байна.

-Одоогоор долоон сайдыг чөлөөлсөн, гурван сайдыг шинээр өргөн барьсан байдалтай байна. Сайд нарын томилгоон дээр таны байр суурь ямар байгаа вэ? ­

Миний хувьд, Засгийн газрыг цомхон, чадварлаг байх ёстой гэж үзэж байгаа. Ер нь бид энэ асуудлыг байнга ярьдаг. Засгийн газрын энэ данхар бүтэц, олон сайд даргын зардал бол төсвийн хөрөнгийг үндсэндээ үрэн таран хийж байгаа. Орж ирсэн бүтэц, бүрэлдэхүүний хувьд сайтар ярилцах ёстой. Ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх, үнэхээр тухайн салбараа авч явж чадах эсэхийг л харах хэрэгтэй байгаа юм.

Харин бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг аваад үзэхээр ард түмний хүсэн хүлээсэн шинэчлэл өөрчлөлтийг хийж чадаагүй гэж хэлэх байна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдлын л тод жишээ. Угтаа Засгийн газар анх байгуулагдахдаа “Бид дөрвөн жилийн хугацаанд энэ бүтэц, энэ мөрийн хөтөлбөрөөрөө ажиллана” гэж үүрэг авч ажилладаг.

Гэтэл бодит байдал дээр замын дундаас Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахаа больж байна. Анхнаасаа зөв бүтцийг оруулж ирээгүй, мордохын хазгай гэдэг шиг юм болсон. Эрх барьж байгаа намын дотоод зөрчил, хэсэг бүлэг фракцийн наймаанд баригдаад нэг бүлэг фрак цид зориулсан бүтэц хийсэн учраас замын дунд цаашаа явахаа болиод зогслоо л доо.

Дахиад хэлэхэд, ард түмний амьдрал туйлын хүнд байна. Ийм хүнд нөхцөлд Н.Алтанхуяг сайд зөвхөн амиа аргацаасан алхам хийж байна.
-УИХ-ын 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хүсэлтээ өргөн бариад байна. Харин үүнтэй зэрэгцэн Н.Алтанхуяг сайд МАХН-тай 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хэдийгээр АН-ын гишүүд энэ гэрээг хууль бус гэж байгаа ч Н.Алтанхуяг сайд өөртөө бүрэн хамгаалалт үүсгэчихлээ гэж олон нийт дүгнээд байна. Энэ гэрээний талаар таны байр суурь ямар байгаа вэ?

Дахиад хэлэхэд, ард түмний амьдрал туйлын хүнд байна. Ийм хүнд нөхцөлд Н.Алтанхуяг сайд зөвхөн амиа аргацаасан алхам хийж байна. Ерөнхий сайд ингэж МАХН­тай гэрээ байгуулснаар улс төрийн намуудын төлөвшилд сөрөг хандлагыг бий болгож байна. Энэ хүн яаж энэ суудалтайгаа үлдэж, хариуцлагаас мултрах вэ гэдэг арга замыг л эрэлхийлж байна. Бид Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг ярьсаар ирсэн.

Түүнчлэн сайд нар, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайдын асуудлыг удаа дараа тавьсан. Гэтэл энэ асуудлыг олонхиороо, нөгөө л хүч түрдгээрээ хамгаалаад авч үлдсэн. Гэтэл эцсийн дүндээ өнөөх хариуцлагагүй байдал улам л гүнзгийрээд байна шүү дээ.

Товчхондоо, биднийг хариуцлага ярихаар бүтцийн асуудлыг яриад эхэлдэг хандлагатай болсон. Тийм учраас бид “Хариуцлага бол бүтцээс тусдаа шүү” гэдгийг хэлснийхээ дагуу Ерөнхий сайдтай хариуцлага тооцох талаар хөндөж байгаа нь энэ.

-Ерөнхий сайд нь засагт хамтарч байгаа эвслийнхээ нэг намтай тусад нь гэрээ байгуулаад, түүнийгээ урт хугацаагаар сунгах нь хэр зохимжтой шийдэл вэ?

Өмнө нь ийм зүйл огт яригдаж байгаагүй. Эрх барьж байгаа нам УИХ­ын сонгуулиар олонхи болж чадаагүй. Харин олон суудалтай. Тиймээс тэд УИХ­д байгаа “Шударга ёс” эвсэл, ИЗНН, Бие даагчидтай үгсэж, эрх баригч бүлэглэлийг бий болгоод олонхиороо хүч түрэх л санаатай байна. Наанаа бол сайхан зүйл ярина. Цаанаа ард түмэнд амлаж байсан бүхнээсээ ухарчихлаа.

Гаргаж байгаа бодлого, хуулийнхаа яг эсрэг явдаг болсон. Үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд Монголын баялгийг яаж урсгаж, хурдан түргэн гаргах талаар л бодож байна. Цаашлаад гадна, дотны бүлэглэлүүддээ хувааж өгөхөөс өөрийг бодохгүй байгаа нь ч бас нууц биш.

ШИНЭ МЭДЭЭ