Тавантолгойн гэрээг дүгнэх ажлын хэсэг байгууллаа
Тавантолгойн гэрээ...
2015.04.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгойн гэрээг дүгнэх ажлын хэсэг байгууллаа

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл ба Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг хэлэлцэх, эсэхийг Эдийн засгийн байнгын хороо өчигдөр шийдэх байв.

Гэвч ирц бүрдээгүй учраас хуралдсангүй. УИХ-ын дарга З.Энхболдын хүсэлтээр Байнгын хороо хуралдаагүй гэж зарим мэдээллийн хэрэгсэл дамжуулсан ч Тамгын газраас няцааж байлаа. Мөн энэ өдөр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ- аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Уг гэрээг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа УИХ- ын гишүүн Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь гишүүн А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар  Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар багтсан байна.

Ажлын хэсгийнхэн 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах аж. Тухайлбал, гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа УИХ болон Байнгын хороодын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэр, Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж буй, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж буй эсэхийг нягтлах юм.

ШИНЭ МЭДЭЭ