Урт нэртэй хуулийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавив
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг 2010 оны 05 дугаар сарын 10 ны өдөр ЭБЭХ-ний болон БОАЖ-ын сайд нарын А-132/112 тоот тушаалаар баталжээ.
2011.07.08

Урт нэртэй хуулийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавив

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд танаа

 Асуулга тавих тухай

Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Танд дараахь асуулгыг тавьж байна. Үүнд:

1.Засгийн газар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу цуцлагдах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрын хэмжээг үйл ажиллагаанд зарцуулсан зардал, төлсөн татвар дээр үндэслэн 5.17 их наяд хэмээн тооцоолсон нь ямар санхүүгийн аудитын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар баталгаажсан талаар танилцуулга, мэдээлэл;

2. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу цуцлагдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу 1782 аж ахуйн нэгжийн хэд нь Монгол Улсын Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль,  Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Татварын багц хууль тогтоомжийн хүрээнд  ажилласан тухай тодорхой тооцоо,баримт мэдээлэл,

3.“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3, “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2.4, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг 2010 оны 05 дугаар сарын 10 ны өдөр ЭБЭХ-ний болон БОАЖ-ын сайд нарын А-132/112  тоот тушаалаар баталжээ.

Засгийн газар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ” тооцох дээрх аргачлалын дагуу нөхөн олговор нэхэмжилж буй хэдэн компани, аж ахуйн нэгжийн байгаль орчинд учруулсан хохирлын тооцоог гаргасан тухай, түүний үр дүнгийн талаархи тооцоо судалгаа, мэдээлэл,

4. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хамгаалагдсан бүсэд  хууль бусаар ашигт малтмал олборлох явдлыг дэмжиж, иргэдийг  хууль бус  үйлдэлд  турхирч  байгаа этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох талаар авсан арга хэмжээ, мөн хууль тогтоомж зөрчин, хууль бусаар ашигт малтмал олборлох явдлаас  урьдчилан сэргийлэх, ашигт малтмал хууль бусаар олборлох үзэгдлийн шалтгаан үр дагаврыг арилгах талаар Монгол улсын Засгийн Газрын зохион байгуулсан ажил, төлөвлөсөн ажлын явц, үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга, мэдээлэл бэлтгэж ирүүлнэ үү.
Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН

Б.БАТ-ЭРДЭНЭ
Г.БАЯРСАЙХАН
Ц.ДАВААСҮРЭН
Ц.СЭДВАНЧИГ
Д.ЭНХБАТ

ШИНЭ МЭДЭЭ