УИХ-ын гишүүд Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шаардлага хүргүүллээ
2011.09.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УИХ-ын гишүүд Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ,  Р.Амаржаргал, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, З.Энхболд, Л.Гантөмөр, Д.Энхбат, Х.Тэмүүжин, Д.Очирбат, З.Алтай нарын гишүүд Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
СҮХБААТАРЫН БАТБОЛД ТАНАА



Улсын Их Хурлын шийдвэрийн
хэрэгжилтийг хангах талаар шаардлага
хүргүүлэх тухай



Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1 дэх заалтыг үндэслэн доорхи нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд дараахь шаардлагыг Танд хүргүүлж байна.

УИХ нь Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т заасны дагуу Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, уг гэрээг тодорхой заасан нөхцөлүүдийн дагуу байгуулах эрхийг УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор Засгийн газарт олгосон. Үүнд:

1. Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай.

2. Оюу толгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн
байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг
харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.

3. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай гэж заажээ.

Гэвч Засгийн газрын байгуулсан гэрээ нь УИХ-ын 2009 оны 57-р тогтоолын заалтуудыг хангаагүй, улмаар үндэсний эрх ашигт нийцүүлж, зохих өөрчлөлтийг оруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газарт удаа дараалан тавьсан боловч өнөөг хүртэл хэрэгжээгүй, хэрэгжих эсэх нь тодорхойгүй байсаар байна.

Иймд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 2009 оны 57-р тогтоолын хэрэгжилтийг  2011 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангаж, үр дүнг УИХ-д ирүүлэхийг Танаас шаардаж байна.

Уг шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүд бидний зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд уг гэрээг Монгол улсын үндэсний эрх ашигт бүрэн нийцүүлэх тулд бүхий л арга хэмжээг авах болно гэдгийг Танд үүгээр уламжилж байна.

Хүндэтгэсэн; 

Шаардлагыг дэмжсэн Улсын Их Хурлын гишүүн:  
Н.Батбаяр
Ц.Даваасүрэн
Д.Ганхуяг
Ц.Батбаяр
С.Эрдэнэ
Б.Бат-Эрдэнэ
Р.Амаржаргал
Д.Балдан-Очир
Г.Баярсайхан
С.Бямбацогт
Ш.Сайхансамбуу
Ц.Сэдванчиг
Д.Тэрбишдагва
Ц.Шинэбаяр
З.Энхболд
Л.Гантөмөр
Д.Энхбат
Х.Тэмүүжин
Д.Очирбат
З. Алтай

ШИНЭ МЭДЭЭ