Б.Бат-Эрдэнэ: Уран дарханы хувьд аав, ах, эгчийнхээ хаана нь ч хүрэхгүй
2009.12.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Уран дарханы хувьд аав, ах, эгчийнхээ хаана нь ч хүрэхгүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Парламентад улиран сонгогдсоны хувьд Та туршлагатай улстөрч. Таныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонголоо. Үүгээр яриаагаа эхлье?

-Эзэмшсэн мэргэжил, бага сага хуримтлуулсан туршлага энэ бүхнийг хамт олон үнэлж, итгэл хүлээлгэлээ гэж ойлгож байна. Итгэл гэдэг хамгийн том хариуцлага. Манай байнгын хороо хууль тогтоох байгууллагын гол ажлыг нугалах ёстой бүтэц. Хууль зүйн байнгын хороонд парламентад олон удаа сонгогдсон, туршлагатай хуульч, УИХ, байнгын хороо, Хууль зүйн яамыг удирдаж байсан хүмүүс байдаг. Тийм учраас эдгээр хүмүүсийнхээ туршлага, мэдлэг чадварын дэмжлэгтэйгээр ажиллана. Хоёр удаа парламентад сонгогдохоо хоюуланд нь энэ байнгын хорооны гишүүн боллоо. Байнгын хороогоор хэлэлцэгдэх бүх асуудлаар ямар ч хийдэл гаргалгүй ажиллахыг хичээнэ ээ.

-Таныг улстөрч гэхээс аварга гэдгээр нь илүүтэй хүлээж авдаг. Хэдийгээр албан ёсоор зодог тайлаагүй ч УИХ-ын гишүүн болсноосоо хойш бараг барилдсангүй. Улстөрд хөл тавихдаа Та үндэсний бөхдөө үлдэх сэтгэл төрж байсан уу?

-2004 онд УИХ-д сонгогдоод 2007 оныг хүртэл барилдсан. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор шөвгийн дөрөвт, тэр жилийнхээ Цагаан сарын барилдаанд мөн шөвгийн дөрөвт үлдэж байсан. 2008 оны ес, арван сар хүртэл эрчимтэй бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Ерөнхийдөө жил гаруй хугацаанд барилдааны бэлтгэл хийсэнгүй. Одоо ажлын ачаалал их байгаа учраас Төрийн ордны фитнесийн өрөөнд ажлынхаа заваар дасгал хийдэг.

-Хамгийн ойрын барилдаан гэвэл энэ жилийн Цагаан сарын барилдаан байна. Та зодоглох уу?

-Барилдахгүй дээ.

-Өөрөө барилдахгүй ч “гарын” шавь бэлтгэдэг үү?

-Бидний хэсэг нөхдүүд өнөөгийн нийгэмд залуусыг хүн чанарт бэлтгэх зорилгоор “Аварга” дээд сургууль байгуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай сургуулийг төгсөж гарсан олон зуун залуус эзэмшсэн мэргэжил болоод хувь хүний хувьд тодорхой хэмжээнд төлөвшсөн, итгэл даахаар хүмүүс болжээ. Үүнд сэтгэл хангалуун байна. Төгсөгчдийн дундаас олимпийн анхны аварга, жудогийн дэлхийн аварга, тив, дэлхийн олон аварга, улсын цолтой олон бөхчүүд төрөн гарсан.

-Монголт бөхийн олон арван мэх байдаг байх л даа. Танд хийж үзээгүй мэх байдаг уу?

-Байлгүй яахав. Монгол бөх маань барилдааны олон хувилбартай, гайхамшигтай спорт. Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлсэн сайхан соёл. Энэ соёлоор л монгол эр хүнийг бэлтгэж байсан арга, сургуультай учраас энэ уламжлалаа улам сэргээх зорилгоор Үндэсний бөхийн холбоо олон жил ажиллаа. Тухайлбал, Монгол бөхийг хөгжүүлэх сангийн шугамаар “Нутгийн салхи” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж, бүх ЕБС-иудыг үндэсний бөхийн хивс, дэвсгэр, зодог шуудаг, зодог шуудаг хийх аргачлал, үндэсний бөхөд анхлан суралцах гарын авлага зэргийг бэлтгэсэн. Одоогийн байдлаар арав гаруй аймгийн сургуулиудыг бүрэн хангаж, сургалт, семинарудыг зохион байгуулж байна.

-Таны хувьд жинхэнэ монгол эр хүн ямар байх ёстой вэ?

-Монгол эр хүнийг бэлтгэж ирсэн гайхамшигтай соёлыг монголчууд бүтээсэн. За гэвэл ёогүй, ах захын ёсыг маш сайн баримталдаг, эцэг, үрийн элбэрэл журмыг сахьдаг, бусдыг хайрлах сэтгэлтэй, бүхий л талын хатуу сорилтыг даван гарах сэтгэлийн хаттай эр хүнийг хэлнэ дээ. Магадгүй өнөөгийн нийгэмд зарим үнэлэмж нь суларч байгааг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед дөрвөн уулын хишиг барилдаанаар улсын цол олгох тухай ярих болж. Үүнийг Та юу гэж бодож байна вэ?

-Болохгүй зүйл биш л дээ. Гэхдээ Үндэсний бөхийн холбоо томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийхдээ олон түмнээр хэлэлцүүлэг хийж, санал асуулга авдаг журамтай.

-Таны аав уран дархан байсан гэсэн. Аавын тань авъяас танд уламжилсан болов уу?

-Манай ах их уран хүн. Би ганц ахтай хүн шүү дээ. Мөн эгч маань их уран. Би багадаа аав, ахдаа туслахын зэрэгцээ бага сага юм хийж байсан зүйл бий. Гэхдээ уран дарханы хувьд аав, ах, эгчийнхээ хаана нь ч хүрэхгүй. Харин манай хүүхдүүдэд энэ чанар нь уламжлагдаж байх шиг байна. Хүүхдүүд маань бүгдээрээ зурагт сонирхолтой, ер нь аливаад эв дүйтэй байдаг шүү.

-Мөн Таныг урлагийн өндөр мэдрэмжтэй, их сайхан дуулж, бүжиглэдэг гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?

-Бидний үеийнхэн бүгдээрээ л нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, сургуульд байхаасаа л өөрийнхөө хэмжээнд дуулж, бүжиглэж ирсэн. Надад урлагийн олон сайхан найз нөхөд бий. Манай нутгаас ч урлагийн алдартнууд олон л доо. Тэдэнтэйгээ бага залуугаасаа найзалж, дуурийн театраар байнга орж, гарч явсан даа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийнхээ үг хэлэх эрхийг хязгаарлалаа гэж УИХ-ын даргыг шүүмжилж байхыг хэд хэдэн удаа сонссон. Үнэхээр тийм асуудал байдаг хэрэг үү?

-Тэрийг яриад яахав дээ /инээв/.

-Ирэх оны өсөв батлагдаад удаагүй байна. Түрүү жил төсөв хэлэлцэж байх үеэр Та гишүүдийн туслах, утас, унааны зардал гээд хэрэглээгээ хязгаарлах замаар хэмнэлт хийж болно гэдгийг хүчтэй илэрхийлж байсан. Энэ жилийн төсвийн тухайд ахиц ажиглагдав уу?

-Тодорхой хэмжээний ахиц гарсан гэж бодож байна. Ер нь төсвийг захиран зарцуулагч нарын хариуцлагыг дээшлүүлэх шаардлага зүй =соор гарч байна л даа.

-УИХ-д байгаль хамгаалах чиглэлээр дуугардаг цөөхөн гишүүдийн нэг нь Та. Парламентад энэ чиглэлийн дуу хоолой үгүйлэгдэж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Байгаль, орчны асуудал монголчуудын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Нэгдүгээрт, би хөдөө, орон нутгаас сонгогдсон, хоёрдугаарт, бүх аймгийн нутгаар явж үзсэн хүний хувьд энэ асуудлыг одоо л анхаарахгүй бол хожимдох цаг үе болоод байгааг анхааруулдаг. Нөгөө талаас монгол хүний байгаль дэлхийгээ ижий мэт шүтэж, зохицож, ирсэн уламжлалт асар их ухаан, соёлыг бүтээсэн. Парламентад байгаль орчны чиглэлээр ногоон бүлэг албан бусаар ажиллаж байгаа. Тийм учраас байгаль орчны асуудалд хандах хандлага харьцангуй сайжирсан. Гагцхүү баталсан хуулиа бүх шатандаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах л үгүйлэгдэж байна.

-Тамирчин хүний хувьд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого хэрхэн тодорхойлогдсон гэж үзэж байна вэ?

-Холбогдох ажлын хэсэгт өөрийн саналаа хүргүүлсэн. Бодлогын баримт бичгийг маш тодорхой хариуцах эзэнтэй нь баталж гаргахгүй бол хэрэгждэггүй 300 гаруй хөтөлбөрүүдийн нэг нь болж хоцрох вий.

ШИНЭ МЭДЭЭ