Цахилгааны хэмнэлттэй бүтээгдэхүүн нэвтрүүлснээр утаа багасна гэв
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.03.14
Орон нутгийн хөгжил

Цахилгааны хэмнэлттэй бүтээгдэхүүн нэвтрүүлснээр утаа багасна гэв

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга тэргүүтэй албаныхан XIX, XXX хорооны иргэдтэй уулзлаа.

Уулзалтад тус дүүргийн иргэдийн төлөөлөгч ирж холбогдох албаныхнаас асуулт асууж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлын талаар ярьж байлаа. Тэдний дийлэнх нь тэтгэврийн насны иргэд байсан болохоор зарим үг хэлэхээс илүүтэй цаасан дээр урьдаас бэлдсэн асуултаа албаны хүмүүст зохион байгуулагчаар дамжуулан дайж байлаа. Уулзалтын эхэнд Д.Сумъяабазар гишүүн өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аар баталсан хууль, тогтоомжийн тухай товчхон танилцуулсан юм. Мөн Сонгинохайрхан дүүрэгт жилийн бүр улсын төсвөөс суулгадаг мөнгө нь хаанаа ч хүрдэггүйг онцоллоо.

Тиймээс төсөвт тодотгол хийх замаар энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг иргэдэд хэлж байв. Үүнээс гадна татварын Татварын тухай хуульд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулах хэрэгтэй гэсэн юм. Ингэсэн тохиолдолд Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй замын асуудал, цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх төсвийн бааз бий болгох аж. Д..Сумьяабазар гишүүний хэлснээр энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр хуулийн төсөл санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч дэмжих боломжгүй гэсэн хариу өгчээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс хаврын чуулган эхлэхээр хуулийн төслөө өргөн барьж, дүүрэг, орон нутгийн төвсийг нэмэгдүүлэх талаар ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. 

XXX хорооны хувьд бусдыгаа бодоход гэр хорооллын түлхүү суурьшдаг хэсэг. Үүнээс үүдэлтэйгээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж хомс байдаг аж. Уг нь улсын болон нийслэлийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор төсөвт мөнгө суулгадаг ч тендерт шалгарсан компанийн хариуцлагагүй үйлдлээс найман жилийн турш царцаж энэ онд ашиглалтад оруулсан барилга тус хороонд байгаа нь 124 дүгээр сургууль аж.

Тус сургуулийн барилгыг 2008 онд улс төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн ч төрийн байгууллага компани хоорондын уялдаа холбоо муу байснаас найман жил буурин дээрээ царцжээ. Тиймээс дахин ийм асуудал гаргахгүй байхыг тус хорооны иргэд хэлж байв. Үүнээс гадна тус хороонд газрын зөвшөөрлөө аваагүй олон иргэд байгаагаас 301-ийг өнгөрсөн хугацаанд албан ёсны зөвшөөрөлтэй болгосон байна. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам тавьжээ. Энэ онд тус хорооны Орон нутгийн төсөвт гэрэлтүүлгийн 42 сая төгрөг тусгасан байна. Харин автозамын ажидд зориулж улсын төсөвт 2.5 тэрбум, I хороололд насжилт өндөртэй нийтийн байрны дээвэр засварлахад хоёр тэрбум төгрөг тусгасныг иргэдэд танилцуулсан юм.

Энэ үеэр 30 эргэм насны эрэгтэй “Манай хорооны айлууд хэтэрхий эмх замбараагүй буусан. Зам тавихад хашаа, байшин нь таараад байдаг. Шаардлага тавиад ч нүүдэггүй. Эдгээр айлуудаас гадна хууль бусаар зөвшөөрөлгүй буусан нь олон. Тэднийг албадан нүүлгэж, зам тавих хэсгээс холдуулж болдоггүй юм уу. Хэрвээ тэгэхгүй байлгаад байвал бид замаа тавьж чадахгүй шороон замаар тоос босгож явсаар байх болно. Үүнийг нэгдсэн журмаар шалгаж тэдгээр айлуудыг хуулийн дагуу буусан уу, хууль бусаар буусан уу гэдгийг нягталж, хороо дүүргийн зүгээс арга хэмжээ авах хэрэгтэй.

Бусдынхаа хөгжлийн төлөө нэг нь хойшоо татаж болохгүй” гэлээ. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн атлаа өргөн хэрэглээний болон зарим импортын барааг зогсоохгүй үргэлжлүүлж буй талаар ч саналаа хэлж анхааралдаа авахыг хүсч байлаа.

Зарим иргэд хороонд тулгарч буй асуудал, хийх ажлын талаар санал сэтгэгдлээ хэлж байхад нөгөө хэсэг нь удахгүй болох сонгуульд ач холбогдол өгч байх жишээтэй. Тухайлбал, тус хорооны иргэн Н.Нэргүй “Ардчилсан төрийг бий болгохын тулд сонгуулийн  хууль чухал. Хоёр нам нэгдээд жил гаруй хугацаанд ажилласан. Тэр үедээ сонгуулийн хуулийг баталчихгүй яасан юм бэ” гэж байсан юм. Харин өөр нэг нь сонгуулийн хар машиныг эсэргүүцэж, зарим нь иргэд өөрийн хүсэлтээр хар машинд уншуулах нь уншуулаад, хайрцагт хийх нь тийшээ хийе зэргээр саналаа илэрхийлэв. Тус хорооны цахилгааны асуудлыг хөндөхгүй байх аргагүйг ч хэлсэн.

Энэ хороонд хэдэн жилийн өмнөхөн цахилгаан тасрах явдал энгийн үзэгдэл байсан бол өнөөдөр бүгд гэрэлтэй болжээ. Гэвч ч зарим аж ахуйн нэгж болон бусад айл өрхийн цахилгааны хүчдэл байх ёстой хэмжээнээсээ доогуур ирдэг гэнэ. Энэ талаар Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга н.Сүхбаатар “Дүүргийн хэмжээнд цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй айлын судалгааг 2015 онд хийхэд сайжруулах шаардлагатай, хүчдэлийн уналтгай 6218 өрх, XXX хороонд трансматораас цахилгаан авдаг айлуудын цахилгааны хүчдэл хангалтгүй байсан. Энэ нь нэг трансматораас цахилгаан авах өрхийн тоо хэтэрснээс болсон. Цаашид арга хэмжээ авч ажиллана” гэж байв.

Иргэдийн хувьд цахилгаан, дэд бүтцийн асуудалд шүүмжлэлтэй хандахаас гадна нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг албаныхнаас асууж байлаа. Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдлоос гадна ашиглалтын хугацаа нь дуусгавар болсон Төв цэвэрлэх байгууламжийн таагүй үнэр үнэртэх болсон гэнэ. Иргэдийн хэлж буйгаар агаарын бохирдлыг бууруулах гол үндэс нь эрчим хүчний үнийг хямдруулж, аль болох цахилгаанаар ажилладаг бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэсэн санал тавьж байсан бол Д.Сумъяабазар гишүүн “Хоёр талаас харилцан хамтарч ажиллах хэрэгтэй. Зөвхөн цахилгаан гэлттүй газыг өргөн ашиглах хэрэгтэй. Ингэхдээ халуун, дулааны ус хоолойгоор дамжуулан авдаг шиг газыг мөн адил тийм байдлаар хэрэглээнд нэвтрүүлэх нь чухал” гэлээ. 

Тус хорооны иргэн  Б.Бямбаагийнх өнгөрсөн жил сарын эрчим хүчний хэрэглээндээ 250 мянган төгрөг төлдөг байжээ. Гэтэл эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орсноос үүдэж энэ жилээс 451 мянган төгрөгийг төлдөг болсон байна. Тэрбээр, “Төлбөрөө хийж чадахгүйд хүрээд байна. Тиймээс хүйтэрсэн үед эргээд нүүрсээ түлэхээс өөр сонголтгүй болчихоод байна” гэлээ. Ийнхүү XXX хорооны иргэдтэй уулзсаны дараа XIX хороог зорилоо. Өмнөхөө бодвол тус хорооныхон “Москва” хорооллыг хамарсан барилга, орон сууц ихтэй хэсэг. Тиймээс байр, орон сууцны дээвэр, цахилгаан, дулааны төлбөр ярих хүн олон байсан юм. Мөн тус хорооны эмнэлэг, цэцэрлэг, сургууль хүртээмжгүй гэсэн өмнө хорооны зовлонг тоочиж байлаа. Жишээ нь, энэ хороонд байрлалтай XII сургууль гэхэд гурван ээлжээр хичээллэдэг юм байна.

Гэтэл хажууханд нь байрлалтай сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилах боломж байдаг ч харьяа биш гэсэн шалтгаанаар халгаадаггүй аж. Иргэдийн хамгийн ихээр учирлаж байсан нэг зүйл нь өнөөх утаа байв. Тухайлбал, “Цаг дулаарч байгаа болохоор утааны асуудлыг тэгсхийгээд орхигдуулна. Харин ирэх өвөл дахиад л ярина. Өвөл болохоор ярьдаг асуудлыг орхилгүй арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Залуу инженерүүдийн зохиосон шинэ тоног төхөөрөмж, цахилгааны хэмнэлттэй бүтээгдэхүүнийг нь хэрэглээнд ашиглаад ч болов агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй” хэмээн хэлж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ