Ний нуугүй хэлэхэд манай дүүргийг ТҮЦ, найман нэрийн дэлгүүрүүд авч явж байна
Сонгинохайрхан дуургийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар өчигдөр тойрогтоо ажиллаж буй Д.Сумъяабазар гишүүнтэй хамт дүүргийнхээ зарим хороонд очиж, иргэдтэйгээ уулзсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүрэг төвийн зургаан дүүргээс ганцаараа нийслэлийн төсвөөс хараат гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?
- Манай дүүрэг төвийн зургаан дүүргээс ганцаараа нийслэлээс санхүүжилт авч, цахилгаан эрчим хүч, халуун дулаан болон төрийн албан хаагчдын цалин зэрэг зүйлээ зохицуулдаг. Гэтэл ийм дүүрэг өөр байхгүй. Баянзүрх дүүрэгт л гэхэд “Нарантуул” “Сандэй” “Шөнийн зах” “ДаХүрээ” “Өгөөмөр” “Дүнжин-гарав” зэрэг томоохон зах худалдааны төвүүд байна.
Хан-Уул дүүрэгт бүхий л томоохон үйлдвэрүүд бий. Хүмүүс Сонгинохайрхан дүүрэгт мах, сүүний томоохон үйлдвэрүүд бүгд байдаг гэж ойлгодог. Гэтэл тэд чинь бүгд нийслэлд татвараа төлчихдөг. Харин заримынх нь төв оффис төвийн дүүрэгт байдаг болохоор тэндээ татвараа төлчихдөг. Харин Баянгол дүүргийн хувьд III хороолол гээд тэр чигтээ худалдааны гудамж байна шүүдээ.
Сүхбаатар дүүргийн тухайд бол бүх шүүх, прокурор, яам тамгын газрууд байрладаг болохоор тэмдэгтийн хурамжаар санхүүжчихдэг. Хаа байсан хөдөө ууланд ан агнасан хүмүүсийн төлбөр энэ дүүрэгт орж байдаг. Яагаад гэхээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь тэнд байна.
Хүмүүс “Хархорин” зах манай дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр зах маань Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Харин ч эсрэгээрээ Сонгинохайрханчууд маань тэр захаар өргөнөөр үйлчлүүлж, тэнд орлого төвлөрүүлдэг. Нөгөөтэйгүүр тэр хавиар байгаа архи уудаг нөхөд орой болохоор замын хойшоо гараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орж ирэн дүүргийн цагдаа нарын ажлыг хүндрүүлдэг гэх мэт тоочоод байвал асуудал их л дээ. Гэхдээ бид энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд үүнийг яаж сайжруулах вэ гэдгийг ярилцахаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай хамт өнөөдөр иргэдтэйгээ уулзаж байна.
-Тэгвэл Сонгино-хайрхан дүүргийн төсвийн орлого хаанаас бүрддэг юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд манай дүүргийг өчнөөн жил энэ жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид буюу жижиг ТҮЦ, зургаа, найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгчид нуруун дээрээ авч явж байна. Сүүлийн үед эдгээр иргэд маань НӨАТ-ын талон олгодог кассын машин авч чадахгүй нь, яах вэ. Тэрийг авах нь битгий хэл хаалгаа барихад ойрхон боллоо гэцгээж байна.
Түүнийг нь авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулья гэхээр мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа, татварын албанаас кассын машинаа аваач гэж шахаж шаардаад ажил хийлгэхгүй байна. Бидэнд арай хямд нөхцөлөөр бүр болохгүй бол хөнгөлөлттэй зээлээр тэр машиныг өгч болохгүй юу гэсэн хүсэлтийг ихээр тавьж байна.
-Иргэдийн амьжиргаа ч бас бусад дүүргээс харьцангуй бага гэдэг шүү дээ?
-Тийм. Тухайлбал Чингэлтэй дүүрэг өнгөрсөн жил нийтдээ 27 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг. Харин манай дүүрэг үний гуравны нэгт хүрэхтэй үгүйтэй л байдаг. Ингээд бодохоор ямар байх нь тодорхой. Энэ дүүрэг манайхаас газар нутгийн хувьд хэд дахин хүн амын хувьд гурав дахин бага.
Дүүрэг маань хамгийн том нутаг дэвсгэртэйн хэрээрээ нийслэлд жилдээ дөрвөн тэрбум төгрөг татан төвлөрүүлж өгдөг. Гэхдээ түүнээсээ буцааж нэг ч төгрөг авдаггүй. Тиймээс л дүүрэг орон нутаг өөртөө төсөв татан төвлөрүүлэх боломжийг хайгаад байгаа юм. Тэгэх юм бол газрын төлбөр, хүн амын орлогын албан татвар зэргийгээ орон нутагтаа үлдээе л гэж байгаа юм. Үүний дагуу сонгогдсон гишүүддээ санал тавихад Д.Сумъяабазар гишүүн хүлээн авч С.Баярцогт сайдад санал тавьсан боловч хүлээж аваагүй гэсэн.
-Ер нь уулзалтын үеэр иргэдийн зүгээс яг ямар бодит тусламж эсвэл ямар бүтээн байгуулалт хийгээч гэсэн хүсэлт тавьж байна вэ?
-Гэр хорооллын иргэд дийлэнх нь гудамжинд гэрэлтүүлэг тавьж өгөөч гэсэн хүсэлт тавьж байна. Харин орон сууцны өрхүүдийн хувьд СӨХ-ны асуудал хэцүү байна. Орц хонгилын тохижилт муу байна. Лифтний насжилт дуусчихсан, тормоз байхгүй аюултай нөхцөлд амьдарч байна. Дээврээс ус гоожиж байна. Энэ бүхнийг дүүрэг орон нутаг, нийслэлээс шийдэж өгч болохгүй юу гэдэг хүсэлтийг ихээр тавьж байна. Ингээд бодохоор дахиад л нөгөө төсөв мөнгөний хүндрэлийн асуудал яригдаад байна.
Гэхдээ бид зүгээр суухгүй байгаа нөхцөл боломждоо тааруулаад гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Мөн манай дүүргийн иргэдийн тоо одоо анх байснаасаа хойш хоёр дахин нэмэгдчихсэн. Тиймээс худаг усны хүрэлцээ бас хүндээр тооцогдож байгаа. Үүнийг бас шийдвэрлээд явж байна.
Сүүлийн үед золбин нохойн асуудал бас ихээр яригдаж байна. Уг нь энэ асуудал ийм хурцаар тавигдаж байгаагүй л дээ. Өмнө нь дүүрэг энэ асуудлаа өөрөө мөнгөө төсөвлөөд өөрсдөө шийдээд явдаг байсан. Энэ асуудлыг нийслэлээс манайх хийнэ гээд татаад авчихсан. Гэтэл хачир дээрээ хийж байгаа ажил нь ийм л байна.