МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д айлчлав
2016.06.06
Улстөр

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д айлчлав

Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар 2016 оны зургадугаар сарын 3-ны өдөр тус улсад айлчлав.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловатай хоёр талын уулзалт хийж хоёр улсын нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, ярилцав. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа байлцав.

 

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Карелова уулзалтын үеэр ОХУ-ын нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлууд, төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж Монгол Улстай хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах, энэ салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдэв.

Г.Н.Карелова Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяаг 2015 онд Санкт-Петербург хотноо зохиогдсон Евразийн Эмэгтэйчүүдийн анхдугаар олон улсын чуулга уулзалтад оролцсонд дахин талархал илэрхийлж, Уфа хотноо болох ээлжит форумд хүрэлцэн ирж оролцохыг урив. 

ОХУ-д “Материнский капитал” буюу “Ээжийн дэмжлэг” нэртэй хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлсэн нь эхчүүд, хүүхдүүдэд хамгийн их ач тусаа өгч байгаа хөтөлбөр болсон байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Улсаас хүүхдийн тооноос хамаарч эхчүүдэд олгож буй дэмжлэгийг орон сууц, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломжийг олгодог юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа санал солилцсон олон асуудлаас “Материнский капитал” буюу “Ээжийн дэмжлэг” хөтөлбөрийн талаар онцгойлон сонирхож, санал солилцов.

 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10