МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гадаад харилцааны сайд хувийн хэвшилтэй хийх анхны уулзалтаа АмЧам Монголын гишүүдтэй хийлээ
Гадаад харилцааны сайд ноён Ц. Мөнх-Оргил
2016.08.31
Эдийн засаг, Худалдаа

Гадаад харилцааны сайд хувийн хэвшилтэй хийх анхны уулзалтаа АмЧам Монголын гишүүдтэй хийлээ

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС - 2016 оны 8-р сарын 30-нд Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд ноён Ц. Мөнх-Оргилтой уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцсон юм. Тус уулзалт нь Гадаад харилцааны яамны хувьд сайд томилогдсоноос хойш хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хийж буй анхны уулзалт юм.  

Уулзалтанд АмЧамын гишүүд болон  бизнесийн бусад төлөөлөл болох 70 гаруй бизнес эрхлэгчид оролцож Монгол улсад тулгамдаад буй эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулах шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж зочин илтгэгчээс сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.

Ц. Мөнх-Оргил сайдын илтгэл нь бизнес, хувийн хэвшлийхний хамгийн их сонирхол татаж байсан сэдвүүд болох Гарал үүслийн гэрчилгээний асуудал, 2016 оны улсын төсвийн тодотгол болон татварын хуулинд оруулахаар өргөн баригдсан өөрчлөлтүүд мөн шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд хийж хэрэгжүүлэх ажлууд зэргийг багтаасан юм.

УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд ноён Ц. Мөнх-Оргил арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ

Гарал үүслийн гэрчилгээний асуудлыг онцолсон бөгөөд “Бид Сангийн Яамтай хамтран Гаалийн тариф болон гаалийн татварын тухай хуулинд оруулах шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүд, тэр дундаа гарал үүслийг гэрчилгээг шаардах бус  өөр байдлаар баталгаажуулах боломжтой байхыг судалж байгаа” гэсэн юм.

“Чөлөөт бизнесийг дэмжих болон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах нь Монгол улсын эдийн засгийг хүндрэлээс гаргах урт хугацааны бөгөөд илүү оновчтой шийдэл юм” хэмээн Монгол дахь Америкийн Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн ноён Мануэл Микаллер арга хэмжээний  нээлтийн үгэндээ хэлсэн юм.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ШИНЭ МЭДЭЭ