Л.Оюун-Эрдэнэ: ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэж буй төсвийн алдагдлыг 2-3 хувиар бууруулах боломж байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2016.10.24
Эдийн засаг, Худалдаа

Л.Оюун-Эрдэнэ: ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэж буй төсвийн алдагдлыг 2-3 хувиар бууруулах боломж байна

Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт асууж, үг хэллээ.

 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

"Улсын төсвийн орлого тал нь либерал байдалтай. Татвар авч, орлогоо нэмж болохгүй гэдэг. Улсын төсвийн зарлага тал нь социал демократ үзэлтэй явсаар байгаад эмчилгээ авахгүй дээрээ тулахаар болсон байна. Тиймээс улсын төсөвт томоохон реформ хийх хэрэгтэй байна.

2000 оноос хойш сүүлийн 16 жилд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан энэ үед улсын төсөвт реформ хийх том боломж гарч ирж байна. Улс төрийн намуудын УИХ дахь суудал ойролцоо болохоор реформын шинжтэй өөрчлөлт хийж чаддаггүй. Тиймээс улсын төсөвт реформ хийж чадвал Сангийн сайдын хувьд түүхэн гавьяа болно. Том зургаар нь хараарай.

Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэж байна. Энэ бол маш том тоо санагдаж байна. Төсвийн тодотголоор 18 хувьтай байсан. Төсвийн алдагдал нь ДНБ-ий 9,9 хувьтай тэнцээд ирэхээр гадаад, дотоодын байгууллагууд Монгол Улс хүнд байдалд орсныг мэдээд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Нэг хувийн цаана 260 орчим тэрбум төгрөг яригдана.

...Төсвийн тухай хуулийн төслийг задлаад уншвал, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2-3 хувиар хасах боломж харагдсан. Үүнийг чуулган дээр ярилгүй ажлын хэсэгт саналаа хүргүүлэх болно...

Энэ жилийн хувьд төсвийн чанарыг сайжруулна гээд зоригловол ард түмэн ч ойлгохоор байна. УИХ-ын гишүүд ч бас ойлгох байх. 2018, 2019 он гэж хойшлуулах юм бол та УИХ-ын гишүүдийн тойргийн хэрэгцээг хянаж чадахаа болино. Тийм учраас энэ жил зориглон улсын төсөвт реформ хийх хэрэгтэй.

1992 оноос хойш төсвийн алдагдал ДНБ-ий 5 хувьтай тэнцэж ирсэн. Гэтэл одоо 9,9 буюу бараг 10 хувьд хүрсэн гэхээр маш том алдагдал болсон байна.

Бондын хүүгийн төлбөр гээд 970 орчим тэрбум төгрөг төлөхөөр тооцжээ. Арилжааны банкны бонд, үнэт цаас гээд ойлгогдохгүй, мэдээлэл авах гэхээр олдохгүй ийм нууц мэдээлэл байна. Хүүгийн дарамтыг бууруулах боломжийг энэ удаагийн төсвийн төсөлд Сангийн яам яаж тооцсон бэ?

ДНБ-ий 9,9 хувьд хүрсэн төсвийн алдагдлыг 1-2 хувиар бууруулах боломжийг эрэлхийлж, төсвөө анагаах талаар томоохон реформын шинжтэй алхмууд хийх нь илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна. Орлого тал нь доголдоод, зарлага тал нь улам нэмэгдээд ирэхээр маш хүнд байдалд орох байх."

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

Тантай санал нэг байна. Томоохон реформын шинжтэй алхмууд хийх зайлшгүй шаардлага тулгарсан. 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрэхээр байна. Хэн ийм байдалд хүрсэн гээд улстөржүүлээд яахав. 2016 онд 18 хувьд хүрэх төсвийн алдагдлыг манай Засгийн газар 2017 онд 9,9 хувь байна гэж тооцон, 8 хувиар буулгана гэж бодож байна. Гэхдээ энэ чамлалттай тоо. УИХ дахь ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ та орж ажиллаад 9,9 хувиас буулгах боломж юу байгааг олж хараад дэмжүүлбэл сайн байна.

Энэ жил зориглон реформ хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Зарлага, орлого хоёроо тэнцүүлээд авах юмсан гэсэн хүсэл бий. Гэхдээ хэт огцом зарлагаа бууруулж, орлогоо нэмж чадахгүй юм байна. 2017 ондоо 9,9 хувьтай. 2018 онд 7,5 хувь, 2019 онд 5,5 хувь, 2020 онд төсвийн алдагдлыг тэглэе гэсэн 4 жилийн зорилт тавиад байна.

Хэт огцом реформын шинжтэй алхмууд хийх юм бол төсвийн зарлагын цаана хүний амьдрал байдаг учраас энэнээс илүү зоримог алхам хийе гэхэд бэрхшээлтэй байна. Гэхдээ төсөв батлах бүрэн эрх нь УИХ-д байгаа. Бондын өрийн талаар тодорхой асуулт асуух юм бол тусгайлан танилцуулга хийх болно.   

ШИНЭ МЭДЭЭ